|

Зээлийн хүүг хэрхэн бодох вэ?

namuunaa 2015/09/15 1842 227

Банкнаас зээл авч үзээгүй хүн бараг үгүй биз. Зээл авахад зээлийн гэрээнд хүү, зээлийн дүн, хугацааг бичсэн байдаг. Өмнө авсан зээл, сая авсан зээлүүд адилхан хүүтэй хэрнээ төлөх дүн нь яагаад өөр өөр байна вэ?

Банк буруу бодоод, илүү хүү аваад байна уу, эсвэл би бодож мэдэхгүй байна уу гэсэн бодол танд орж ирж байсан уу? 

Тэгвэл та зоволтгүй. Авсан зээлийн хүү зөв бодоход энэ нийтлэл туслана. Та хоёрхон зүйлийг мэдэхэд л өөрөө хүүгээ бодож чаддаг болно.
Энэ нь

 Ашигласан хугацаа

Зээлийн үлдэгдлээс хүү тооцох

Хоногийн хүүг олох арга юм.

Жишээгээр тайлбарлая. Та 2014 оны 02 дугаар сар 17-нд 10,0 сая төгрөгийн зээлийг сарын 1%-ийн хүүтэйгээр, 10 сарын хугацаатай, сар бүрийн 17-нд зээлэндээ 1,0 сая төгрөг төлөхөөр авчээ. Тэгвэл сар бүрийн хүү хэд байх вэ?

Анх харахад сард зээлэндээ 1,0 төгрөг, хүүнд нь 10,0 саяын 1% буюу 100,0 мянган төгрөг төлөөд байвал болох мэт. Гэтэл бодит амьдрал дээр доорхи байдалтай байна. 

Яагаад?

АШИГЛАСАН ХОНОГ

Банкнаас зээл авахад, зээлийн гэрээнд сарын хүүгээ бичсэн байдаг. Гэвч сарууд 28-31 хоногтой байдаг тул яг сарын хүү гэж үзэхэд бэрхтэй. Бүр нарийвчилбал энэ нь 30 хоногийн хүү юм. Эндээс "ашигласан хугацаа” гэсэн ойлголт гарч ирдэг. Жил бүрийн 2 дугаар сар 28 хоногтой байдаг тул та 2014 оны 02 дугаар сар 17-нд зээл аваад, 2014 оны 03 дугаар сар 17-нд төлөх бол зээлээ 30 хоног биш, 28 хоног ашигласан байх нь. Тэгэхээр ашигласан хугацаанаас хамаараад зээлийн хүү өөр өөр байдаг.

ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЛЭЭС ХҮҮ ТООЦОХ

Банк зээлийн хүүг бодохдоо тухайн өдрийн үлдэгдлээс хүү тооцдог. Та 2014 оны 02 дугаар сар 17-нд зээл аваад, 2014 оны 03 дугаар сар 17-нд 1,0 сая төгрөг төлсөн байна. Тэгэхээр та 2014 оны 03 дугаар сар 17 хүртэл 10,0 сая төгрөгийн зээлтэй, 2014 оны 03 дугаар сар 17-нээс хойш 9 сая төгрөгийн зээлтэй байсан гэсэн үг. Банк хүү тооцохдоо 2014 оны 03 дугаар сар 17 хүртэл 10,0 сая төгрөгнөөс, 2014 оны 03 дугаар сар 17-нээс хойш 9 сая төгрөгнөөс хүү тооцно.

ХОНОГИЙН ХҮҮ ТООЦОХ

Хоногийн хүү тооцохдоо таны зээлийн үлдэгдлийг (10,0 сая төгрөг) сарын хүүгээр (1,0%төгрөг) үржүүлж, 30 хоногийн (энэ нь сарын хүү биш гэдгийг анхаарна уу?) хүүг олно. Манай жишээн дээр 10,0 сая x 1% = 100,0 мянган төгрөг. Олсон хүүгээ 30-д хувааж, 1 хоногийн хүүг олно. 

Түүнийгээ ашигласан хоногоор үржүүлж, тухайн сарын хүүг олно. Манай жишээн дээр (100,000 / 30) x 28 = 93,333 төгрөг. Тэгэхээр та 2014 оны 03 дугаар сар 17-нд зээлэндээ 1,0 сая төгрөг, хүүнд нь 93,333 төгрөг төлөхөөр боллоо. 

Харин зээлээ 1 хоногийн өмнө буюу 2014 оны 03 дугаар сар 16-нд төлбөл хүүнд нь 100,000 / 30 x 27 = 90,000 төгрөг төлнө. 

2014 оны 03 дугаар сар 16-нд зээлээ төлсөн бол 2014 оны 03 дугаар сар 16-аас 2014 оны 04 дугаар сар 17 хүртэл таны ашигласан хоног 32 хоног болно. Энэ тохиолдолд та зээлийн хүүгээ хэд болохыг өөрөө бодож чаддаг болсон гэдэгт найдаж байна.

www.mongo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top