Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авна. Ингэснээр хадгаламжтай хүмүүс татвараа төлөх үү эсвэл хадгаламжаа татах уу гэдэг асуудал яригдаад эхэлж байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар бол бүх гадаад иргэдийн хадгаламж, мөн 100 саяас дээш төгрөгийн хугацаагүй хадгаламж, 100 саяаас дээш нэг жилээс доош хугацаатай хадгаламжаас татвар авахаар болж байгаа.
Хууль санаачлагчд тухайн үед ярихдаа "Их мөнгөтэй иргэдээс татвар авах” "банкийг урт хугацааны нөөцтэй байлгах” зорилго тээж байгаагаа хэлсэн байдаг. Гэхдээ эдийн засаг хүндэрсэн үед байдал тэс өөр дүр зураг харуулдаг бололтой. Учир нь Монгол Улс 1990-ээд оны дундуур ийм татвартай байсан ч 1997 оны үед Азийн эдийн засгийн хямрал манайд нөлөөлж аргагүй байдалд орохдоо дотоодын мөнгөний урсгал банкнаас гадагшилж Засгийн газраас энэ татварыг зогсоох арга хэмжээ авч байсан юм.
Олон улсын жишгээр энэ татварыг дэлхийн ихэнх орнуудад эдийн засгийн тэлэлтийн үед авдаг. Харин одоогоос гурван жилийн өмнө манай парламент энэ хуулийг баталж суухдаа өнөөдрийн монголчууд ийм таагүй эдийн засагтай сууж байх юм гэж санаагүй биз ээ.