|

Ерөнхий сайд хууль зөрчсөн гэв

magnai 2015/09/28 746 1

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн Ж.Мөнхбат, Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга С.Насанбат тэргүүтэй Дархан-Уул аймгийн ИТХ-ын гишүүд өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм.

 

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Дархан-Уул аймгийн ИТХ хууль бусаар хуралдаж Засаг дарга болон ИТХ-ын дарга аа огцруулсан. Юуны өмнө нэг зүйлийг тодруулах нь зүйтэй. 2015 оны наймдугаар сарын 31 болон есдүгээр сарын 15-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хууль бус гэдгийг албан ёсоор хэлье.

Улмаар Дархан-Уул аймагт засаглалын хямрал үүсгээд байгаа хууль хуралдааныг өөгшүүлэн дэмжсэн үйлдлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргасан. Энэ хүч түрэмгийлсэн, хууль бус хуралдааны шийдвэр гаргасан этгээдүүдийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн.

Шүүхээс наймдугаар сарын 31-ний өдрийн хууль бус 45-49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн. Ингээд шүүхийн үйл ажиллагаа явагдаж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль зөрчөөд есдүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргыг батламжилсан” хэмээн мэдэгдсэн юм.

2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр зарлагдсан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал ирц хүрээгүйн улмаас хойшлогдсон ажээ.

Гэтэл дөрвөн тэргүүлэгч хууль бусаар хурлыг хүч түрэн хийж ЭЗНДНТУТХ-ийн 23 дугаар зүйлийн 23.7 "... Аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчдийн олонхи хүрэлцэн ирсэн бол хүчинтэй тооцно” гэсэн заалтыг илтэд зөрчин хууль бус хуралдаан хийсэн аж. Мөн дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан "Хурлын болон хурлын тэргүүлэгчдийн тогтоолд хурлын дарга гарын үсэг зурна” гэсэн хуулийг мөн зөрчсөн байна.

Ингэснээр одоогийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар нь хууль бусаар томилогдсон бөгөөд эл хууль бус үйлдлийг Ерөнхий сайд өөгшүүлэн дэмжсэн нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болжээ.

 
medeelne.mn

 


Санал болгох

Сэтгэгдэл

top