|

Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

tonshuul 2015/02/04 11468 0

Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

 

УИХ-ын Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар уг хуулийн төслийн санкцтай холбоотой зүйл, заалтыг хэлэлцсэн тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн санкцтай холбоотой асуудлыг хэлэлцээд хуулийн төслийн 23 дугаар зүйлийн 23.2 заалтыг хасах нь зүйтэй гэж үзсэн байна. Уг хуулийн заалтыг зөрчсөн хуулийн этгээд эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, зөрчлийг хоёроос дээш удаа давтан гаргасан бол тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлахаар заасан нь Иргэний хууль болон Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байна гэж үзсэний үндсэн дээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан дээрх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Баянсэлэнгэ нар Монгол хэлний тухай хууль тогтоомжийг зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдээс Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт, санал гараагүй тул тус Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжив. Ийнхүү Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах болов.

Дараа нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, "Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн болон Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top