Аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар Кувейтийн гудамжинд гүүрэн гарц барих тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хот байгуулалтын техникийн зөвлөлийн хурлаар аймгийн хэмжээнд гүүрэн гарц барих боломжтой гурван байршлыг сонгосон гэж байна.
Үүнд Жаргалант сумын хот хоорондын зам, Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал, Кувейтийн гудамж буюу сонор хайрхан дэлгүүрийн зүүн талд барихаар төлөвлөсөн байна. Гүүрэн гарц барих үндсэн шаардлага зорилго нь авто замын түгжрэл ачааллыг бууруулах, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байна.
Улаанбаатар хотод гүүрэн гарц барих ажлыг дагнан хийдэг компанийн мэргэжилтнүүдийг урьж дээрх байршлуудыг үзүүлэхэд боломжтой гэсэн хариуг өгчээ. Нийслэл хотод гүүрэн байгууламжаар дагнан үйл ажиллагаа явуулдаг гурван компани байдаг юм байна.
Кувейтийн гудамжинд гүүрэн гарц хийснээр хүнсний зах, 5,6-р хорооллын орчимд замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, аюулгүй байдал хангагдах боломжтой болно гэж үзэж байна.
Эхний ээлжид засаг даргын зөвлөлийн хурлаар Кувейтийн гудамжинд гүүрэн гарц барих байршлыг сонгож тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар шийдвэрлэлээ.Тухайлбал Улаанбаатар хотод нэг гүүрэн гарц барих ажилд 720 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан лифттэй гэдгээрээ онцлогтой. Лифтгүй гүүрэн гарц хийхэд 500 орчим сая төгрөг-ний өртөгтэй гэнэ.
erdenetinfo.mn