|

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ

magnai 2015/09/30 965 0

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган маргааш /2015.10.01/ 09.00 цагт нээлтээ хийнэ. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гарган, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон юм.

Намрын ээлжит чуулганы нээлтийн дараа Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо хуралдаж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


 
zaluu.com

 

Санал болгох

Сэтгэгдэл

top