|

Чанга нударгатай хатагтай

bayaraa 2015/01/16 1385 0

Чанга нударгатай хатагтай Yes, she can. Хорват улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон 46 настай Колинда Грабар Китарович улс орныхоо жолоог атгахад бэлэн

 болоод байна. "Хорват чадна, илүү ихийг чадна” хэмээн Балканы хойгийн улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа тэрээр чигч шударга, эх оронч үгээрээ гутарч, гундаад байгаа ард түмнээ уриалан сэрээж байна. Грабар Китарович одоогийн төрийн тэргүүн Иво Иосиповичийг дөнгөж нэг хувийн саналаар давамгайлжээ. Зүүний төвийн үзэлтэй улстөрч Иосипович улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, социалдемократ Засгийн газрыг шахаж шаардаж ажиллуулна хэмээн амлаж байсан ч дийлэнх сонгогчдын итгэлийг хүлээж чадсангүй. Европын холбоонд элссэн хамгийн сүүлчийн улс (2013 оны долдугаар сард) эдүгээ Брюсселийн клубын хамгийн сул дорой эдийн засагтай орны нэг ажээ. Эдийн засгийн зогсонги байдал нь сүүлийн зургаан жилийн турш үргэлжилж, ажилгүйдэл 20 хувьд шүргэж, залуу иргэдийн дунд ажилгүйдлийн түвшин 41.5 болтлоо өсчээ.

Хорват нь хөгжил дэвшилтэй улс болохгүй гэж хэн нэгэн хэлэхийг би хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ялалт нь сөрөг хүчний Хорватын ардчилсан холбоо намд жигүүр ургуулаад буй консерватив удирдагч Колинда Грабар Китарович сануулж байна. Удахгүй болох парламентын сонгуульд хамаатуулж ийнхүү хэлсэн аж. Грабар Китарович нь 1999 онд Франьо Тужман нас барснаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж буй анхны консерватив улстөрч юм. Тэрээр сонгуулийн кампанийн үеэр "Тужманы эхлүүлсэн ажлыг гүйцээнэ” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Эрч хүчтэй, гэрэлтсэн инээмсэглэлтэй Гадаад хэргийн экс сайд Колинда өнөөг хүртэл НАТО-гийн Олон нийтийн асуудал хариуцсан ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Хорватын Ерөнхийлөгчийн сон­гуульд ялалт байгуулахад энэ ажлын туршлага нь ихээхэн түлхэц болсон нь дамжиггүй. Гэвч хатагтай Грабар Китаровичийн ялалт Ерөнхийлөгчийн засаг захиргаа болон Засгийн газрын хооронд ан цав үүсгэжээ. Түүний ялалт, хэлсэн үгэнд дургүйцсэн Ерөнхий сайд Зоран Милошевич, улс орон цэцэглэн хөгжихгүй бол хугацаанаас өмнөх сонгуулийг явуулахын тулд боломжтой бүхнийг хийнэ хэмээн ярилаа.

Грабар Китарович болон түүнд санал өгсөн сонгогчид "Одоогийн гүйцэтгэх засаглал улс орныг эдийн засгийн хямрал, ангалаас гаргахын тулд олигтой ажиллаж  чадаагүй” хэмээн үзэж байгаа юм. Хэдийгээр Хорватад Ерөнхийлөгч нь цэвэр билгэдлийн шинж чанартай ч гадаад бодлого, батлан хамгаалах дээр эрх мэдэлтэй байдаг. Даруухан, хөдөөний гаралтай энэ эмэгтэйд итгэл хүлээлгэсэн сонгог­чид даруй хөдөлж, ажил­лаж эхлэхийг шаардаж байгаа ажээ.

"Би нударгаа чанга зангидан үзүүлэх болно” хэмээн шинээр сонгогдсон төрийн тэргүүн католикууд, дайны ахмад дайчид, хөдөөгийн малчин, та­риа­чид, хэт үндсэрхэг үзэлт­нүүд, гадаадад амь­дарч буй хорватууд зэрэг өөрийн итгэн дагагчдад ам­лаж байна. "Тэрээр кон­серватив үзэл, Хорватын үн­дэс­ний үзлийг хөнд­сөнөөрөө гадаад дахь иргэдийнхээ дэмжлэгийг хүлээ­сэн. Хатагтай Грабар Китарович өнгөрсөн үеэ хүндэтгэдэг, Сербид өр­шөөл­гүй ханддаг, мөн Ев­ропын холбоонд нэгдэх хү­­сэл эрмэлзлээрээ Ерөн­хий­лөгчийн сонгуульд ял­сан” хэмээн тоймч, шин­жээчид хэлж байгаа юм.

"НАТО-д байсан үхэр сааж чаддаг цорын ганц эмэгтэй” хэмээн өөрийгөө тодорхойлж бай­сан Колинда зорил­тоо тодорхой нэрлэж бай­на. Тэдгээр нь эдийн засгийн хөгжил, үндэс­ний эв нэгдэл болон уламж­лалт үнэ цэнэт зүйл­сийг хамгаалах ажээ. Шинжээчид түүний эрс шийдэмгий илтгэлийг магтаж байхад моодны мэргэжилтнүүд түүний үеэ өнгөөрсөн хувцаслалт, үс засалтыг нь гоочилж байна. Гэвч тэрээр энэ бүгдийг үл тоож, эх орон, гэр бүл гэсэн амьдралын гол хөдөлгүүрт л анхаарлаа хандуулна гэж байна. Гэрлэсэн, хоёр хүүхэдтэй, нөхөр нь ажил хийлгүй балчир хүүхдүүдээ хардаг аж. "Илүү сайн Хорватын төлөө”, энэ бол шаргал үст Грабар Китаровичийн уриа. Одоо түүнийгээ харуулах цаг нь иржээ.

 

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top