"Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай болон Орхон аймгийн иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд "Хүн шиг амьдруулна гэхээр чинь газар авах гэсэн юм, Улс шиг хөгжүүлнэ гэхээр чинь шударга байна гэж горьдсон юм” гэсэн лоозонг урдаа барьсан байв. Тэд хэвлэлийн хурлын эхэнд "Бид бол 1000 гаруй хүмүүсийн төлөөлөл бөгөөд Эрдэнэт хотод юу болсон тухай үнэнийг хүргэхээр ирсэн” гэлээ.
Өнгөрсөн сарын 26-нд Эрдэнэт хотын XI хорооллын ард буюу Баян-Өндөр уулын доод хэсэгт олон иргэн газар авахаар хайлс хатгажээ. Учир нь тухайн хэсэгт газар олгоно гэсэн мэдээллийг "Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалай иргэдэд тараасан байна. Ингэснээр иргэд дөрвөн өдрийн дотор 130 гэр, 142 майхан, 300 орчим хашааны газар хатгасан байна. Гэвч есдүгээр сарын 30-ны өдөр тэнд байсан 200 гаруй иргэнийг цагдаа, онцгой, спорт хорооныхон нийлсэн 400 гаруй хүн албадан хөөжээ. Ингэхдээ хогны машинууд ирсэн бөгөөд нэг машин дээр 5 гэр ачиж явсан хэмээн Орхон аймгийн иргэдийн төлөөлөл мэдэгдсэн.
Мөн аймгийн удирдлагуудын зүгээс Л.Гүндалайн эл үйлдлийг шүүмжилж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан байна.
Орхон аймгийн иргэн Д.Нацагдорж "Иргэд газраа баталгаажуулж чадахгүй 5-10 жил болох нь энүүхэнд. Гучин жил амьдарсан ч газраа өмчилж чаддаггүй. Эрдэнэтийн зайсан гэх энэ газар 10 га газар бий бөгөөд энд 1000 гаруй айл амьдрах боломжтой” гэлээ. Мөн тус аймгийн иргэн Б.Энхзаяа "Би 2004 онд газрын өргөдөл өгсөн. 2008 онд дахин өгсөн. Өнөөг хүртэл шийдэгдээгүй, хүлээгдэж байна. Үнэн шударгаар газар олгож өгөөсэй гэж хүсч байна” гэв.
Хэвлэлийн хуралд оролцогсод Орхон аймгийн удирдлагууд ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэсэн гэж тэд үзэж буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн "Монгол хүн бүр газар эзэмших эрхтэй. Бидэнд зүгээр хашааны газар өгөөч гэж хүсэж байна. Ард иргэддээ алга дарам газар өгөхгүй байж, баячуудын хороолол үүсгэчихсэн энэ байдлыг зогсоох ёстой” гэсэн юм.
Л.Гүндалай: Би Эрдэнэт хотод 11 дүгээр хороололд хоосон газар байгааг мэдсэн. Цэвэр усны нөөц, ногоон байгууламж байгуулна, цэцэрлэг барина гээд хүмүүст мэдэгддэггүй газар байсан. Тэгээд би нэг гэр барьсан. Зоригтой байгаа нь ирээд миний хажууд гэрээ бариарай гэсэн. Дөрөв хоногт 130 гэр, 142 майхан баригдсан. Ардчилсан нам төр барьж байгаа болохоор иргэддээ газар өгөх байх гэж бодсон.
Орхон аймагт Ардчилсан нам төр барьж буй. Тийм учраас хэвлэлийн хуралд оролцогсод мэдээллээ дуусгаад Ардчилсан намын төв байрыг зорьсон юм.