|

Л.Гүндалайгийн сонгуулийн ШОУ ард иргэдийг доромжилж байна

zulaa 2015/09/28 896 0

Л.Гүндалайгийн сонгуулийн ШОУ ард иргэдийг доромжилж байна

 

Өчигдөр буюу энэ сарын 26-ы өдөр 11-р хорооллын ард Баян-Өндөр уулын доод хэсэгт олон иргэн газар авна гэж шон хатгажээ. Тухайн хэсэгт газар олгоно гэсэн мэдээллийг "Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалай тараасан байна. Гэхдээ тэнд очсон иргэдийн ихэнх нь "газар олгож байна” гэхээс өөр тодорхой мэдээлэлгүй байсан юм. "Газар олгож байна” гэсэн мэдээллийн дагуу иргэд тухайн өдрийн 11 цагийн үед цуглаж эхэлсэн байна.

Харин мэдээллийг тараасан Л.Гүндалай 20 цагт тухайн газарт ирсэн юм. Тэрээр цугласан иргэдэд хандаж хэлсэн үгэндээ "Чадалтай нь надтай хамт тэмц. Чадахгүй нь явцгаа” гэсэн юм. Мөн тэрээр цугласан иргэдийг ёс бус үг, хэллэгээр дуудаж байлаа. Үүнд нь дургүйцэх иргэн цөөнгүй байсан юм.
Мэдээж Л.Гүндалай гэдэг эрхэмд иргэдэд газар олгох эрх байхгүй тул аймгийн ГХБХБГ, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд очиж энэ үйлдлээ зогсоох шаардлага өглөө.

Учир нь 2013 онд АИТХ-аас баталсан "Баян-Өндөр сумын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-нд туссанаар 11-р хорооллын ард хэсэг нь хот орчмын "ногоон бүс” ангилалд багтаж нөөцөд авсан газар юм. Дээрх газар нь буюу Баянбулаг багийн нутагт байрлах "зээл”-ийн хэсэг нь манай хотын агаарын бохирдлын нэгдүгээр бүс гэж үздэг байна.

Учир нь тухайн хэсэгт одоо бий болоод буй суурьшил нь хотын агаарын бохирдолд нөлөө үзүүлэх хэмжээнд байгаа тул нэмж газар олгохгүй байхаар АИТХ-аас шийдвэрлэсэн байна. Мөн Баян-Өндөр хайрхан бол орон нутгийн тусгай хамгаалалттай уул. Тиймээс худал мэдээлэл тараасан энэ үйлдэл нь иргэд олон нийтийн сэтгэл санааг үймүүлж байгаагаас гадна АИТХ-аас баталсан тогтоолыг зөрчиж байгааг ГХБХБГ-ын даргын орлогч онцолсон юм.

Түүнчлэн энэ нь Орхон аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан үйлдэл гэлээ.Энэ өдөр цугласан иргэдийн хувьд "холбогдох байгууллагуудад газар авах өргөдлөө өгдөг боловч шийдвэрлэгдэхгүй удаан хугацаа өнгөрдөг” гэсэн тайлбарыг хэлж байлаа. Энэ оны хувьд Баян-Өндөр сумын Яргуйт, Эрдэнэ, Говил багийн нутагт газар олгохоор холбогдох төлөвлөгөөнд туссан байна. Иргэдэд газар олгох ажил 5-р сараас эхэлсэн бөгөөд энэ онд дахин үргэлжлэхгүй гэнэ. Энэ хугацаанд 700 гаруй иргэнд газар олгосон байна.

Ямартай 11-р хорооллын ард буюу Баянбулаг багийн нутагт байрлах "зээл”-д газар олгох төлөвлөлт хийгдээгүй байна.Манай аймгийн хувьд газар нутаг багатай гэдгээрээ онцлогтой. Нэг жишээ дурдахад Баян-Өндөр сумын ЗДТГ-т газар хүссэн 10 мянга гаруй иргэний өргөдөл хүлээгдэж байгаа юм. Энэ байдлыг ашиглан аливаа улс төрч, улс төрийн хүчнүүд иргэд олон нийтийн дэмжлэгийг авах зорилгоор олныг хамарсан хууль бус үйлдэл хийх нь зохимжгүй.

Ирэх онд явагдах УИХ-ын сонгуульд "Орхон аймгаас нэр дэвшинэ гэж мэдэгдсэн” Л.Гүндалай энэ үйлдлээрээ хэд хэдэн хуулийн заалт зөрчсөн байна.

Тодруулбал, Монгол Улсын Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.2, Хот байгуулалтын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1.4, 24-р зүйлийн 1.1 болон 24-р зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчсөн байна. Тиймээс иргэд та бүхэн улс төрчдийн сонгууль угтсан аливаа үйлдэлд зөв өнцгөөс хандахыг уриалж байна.
 

Санал болгох

Сэтгэгдэл

top