Хүн амын дунд байгаа "нууц” өвчнийг илрүүлэх, эхний шатанд эмчлэх, эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт, төлөвлөлтийг боловсронгуй болгох, диспансерчлалын хүрээ далайцыг өргөтгөхөд тодорхой хүн амын дунд эмч нарын бүрдмэл үзлэг хийх явдал чухал ач холбогдолтой.
Нэг талаас эмнэлгийн хүчин чадал, зохион байгуулалт, боловсон хүчин, материаллаг баазын хангамж, нөгөө талаас хүн амын, ариун цэврийн боловсрол, аж байдал, үйлдвэрлэлийн онцлогоос болж эмнэлгийн байгууллагад хүн амын өвчлөлийн хэмжээ дутуу бүртгэгддэг байна. Удаан явцтай, ужиг архаг өвчтэй хүмүүс жил болгон эмнэлэгт үзүүлэхгүй байна.
Үүнээс гадна хүн амын өвчлөлд гол суурь эзэлдэг зарим халдваргүй өвчин, хоёрдогч архаг өвчнүүд «нууц» явцтай байдаг. Үүн дотроо хүүхдийн байгууллага болон хүнсний байгууллагад ажилладаг хүмүүс энэхүү үзлэгт хамрагдахгүй байх тохиолдол нэлээд гардаг. Энэ нь эргээд хүний эрүүл мэнд амь настай холбоотой учраас мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажилладаг байна.
Эрүүл мэндийн байнгын урьдчилан сэргийлэх бүрдмэл үзлэг нь эрүүл мэндийн тухай багц хуульд хамаарагддаг бөгөөд хүний эрүүл мэнд амь настай холбоотой учраас мэргэжлийн хяналтын газраас хяналтыг тавьж ажилладаг байна. Эрүүл мэндийн бүрдмэл үзлэг гэдэг нь 6-аас дээш нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг бүхий үзлэгийг хэлдэг.
Харин хугацаат үзлэг нь тодорхой хугацаанд заасан буюу химийн хорт бодис биологийн буюу мал амьтны хордлого байж болзошгүй газар ажилладаг хүмүүст улирал бүр дэвтэр нээж өгдөг. Тухайн дэвтрийн дагуу үзлэгт хамрагдсан эсэхэд мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьдаг гэнэ. Эрүүл мэндийн хуудсыг олгох буюу эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт хамрагдах төрөл дотроо хэд хэд байдаг байна.
Үүний нэг нь эрүүл мэндийн сайдын 2011 оны 312 дугаар тушаалаар батлагдсан хүнсний болон хүүхдийн байгууллагад ажилладаг ажиллагсдын эрүүл мэндийн бүрдмэл хуудсын үзлэг юм. Хэрвээ энэхүү үзлэгт хамрагдаагүй иргэдийг ажил олгогчдын зүгээс ажилд авсан тохиолдолд захиргааны хариуцлага тооцох хуулийн заалттай юм байна.
erdenetinfo.mn