"Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Ганболд,
Гүйцэтгэх Захирлын Үүрэг Гүйцэтгэгч Б.Батбилэг,Үйл Ажиллагаа Эрхэлсэн Дэд Захирал М.Мягмар-Эрдэнэ танаа
Хүсэлт хүргүүлэх нь
Уурхайчид бид та нарт хүсэлт хүргүүлэх болсон шалтгаан юу вэ?
Төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ирээдүйг сүйрүүлж, жирийн уурхайчдынхаа эрх ашгийг маш ноцтой зөрчсөн та бүхний шийдвэрийг уурхайчид бид эсэргүүцэж, ажлын байраа хэвээр хадгалаж үлдэх зорилготой юм.
Уурхайчид бид "Эрдэнэс Таван толгой” ХК-ийг Өмнийн говьд цагаан тал байхаас эхлэн өнөөдөр өдий зэрэгт хүрэхэд нь хоёргүй сэтгэлээр зүтгэж, нойр хоолоо хугаслан, чөмгөө дундартал зүтгэсэн. Гэтэл эцэст нь уурхайн ажил мэдэхгүй, алсын хараагүй дарга нарын харалган шийдвэрийн золиос болж байна. Та нар бидний зүрхэнд гал шиг бадарч байгаа хүсэл мөрөөдөл рүү нь ус цацлаа.
"Эрдэнэс Таван Толгой” компанийн уурхайчдын хүсэл мөрөөдөл юу вэ?
Бидний мөрөөдөл маш энгийн. Улс орондоо жинхэнэ баялгийг бүтээж, улс эх орныхоо ирээдүйн хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах шүү дээ. Улс төрийн намуудын амлалт болж Хүний хөгжлийн сангаар дамжуулан тараасан 350 сая долларыг төлөх гэж зүтгэсэн бид жинхэнэ уурхайчид. Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн жирийн уурхайчдын хүсэл мөрөөдөл, аж амьдралыг үзэгний үзүүрээр шийдэж байгаа дарга нарыг хараад гайхан гомдож, итгэл алдаж байна.
Цанхийн зүүн уурхайн олборлолтын гэрээг худалдан авсан Хятадын компанид нэр бүхий 206 ажилтаныг шилжүүлэн өгөхөөр гэрээ хийсэн бөгөөд ажлын байрыг тогтвортой хадгална гэж биднийг хуурч байгаа ч бодит байдал тэс өөр байгаа нь баримтаар ил болоод байна. Агуу их хүсэл мөрөөдөл тээж Өмнийн говьд очсон тэдгээр нэргүй баатруудыг ашиг хонжооны золиос болгон нухчин дарж байгаа дарга нарт Монгол хүний хүнлэг сэтгэл гэж алга байна. Монгол улсаа гэх монгол хүний сэтгэл, мөрөөдөл алга.
Та бүхний хийж байгаа үйлдлүүд нь ард түмний баялаг болох Таван толгойн ордод шунасан хэсэг бүлэг хүмүүсийн гар хөл болж, уг компанийг үндсэн ажилтангүй, үндсэн тоног төхөөрөмж гэх зүйлгүй, зөвхөн цаасан дээрх компани болгож, өрсөлдөгч болох дампуурч байгаа Энержи Ресурс компанид аажмаар хувьчилж өгөх гэсэн атгаг санаа чинь хэн бүхэнд ойлгомжтой байна. Тэгээд ч Хятадын компани нэрийн дор монголын олигархи бүлэглэл нуугдсан гэдэг мэдээлэл аль хэдийнэ тарсан. Тэд хэзээ ил болох нь цаг хугацааны л асуудал. Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой чоноос илүү аюултай гэдэг үг бий.
Энд зөвхөн 200 хүний асуудал бус тэдний ар гэрийн амьдрал, аз жаргалтай шууд хамааралтай том асуудал байгаа шүү. Компанийхаа ирээдүйд итгэл төгс байж ипотекийн, автомашины, цалингийн зээл авсан, амьдралаа авч явах гэж хичээж байсан олон хүний амьдралыг сэтгэлийн хөөрлөөр шийдсэн та бүхэнд энэ бүхэн асуудал биш гэдгийг бид мэднээ. Төрөөс төрсөн тэрбумтаны хүүхдүүд та нар мэдээж гэдэс нь өлсөж үзээгүй л байх. Та бүхний өдөр бүр өдрийн хоолоо иддэг газарт бид амьдралдаа тохиолдох баярт үйл явдалаа нэг удаа л тэмдэглэх гэж хичээж ажилладагийг мэдэхүү?
Та бүхний дарга, захирал гэх нэрэнд итгэж өөрсдийн ирээдүйгээ даатгаж явсандаа үнэхээр харамсаад барахгүй юм. Бидний өнөөдөр ийм байдалд орсон нь урдах ажлаа маш сайн хийж байсан жирийн уурхайчин бидний буруу биш, удирдан зохион байгуулсан та бүхний буруу.
Нэмж хэлэх бас нэг асуудал бол Баруун Цанхийн төсөл дээр Монголчууд яаж ажиллаж чаддагийг харуулсаар байтал яагаад Хятадын компаниар илүү өндөр өртгөөр ажил гүйцэтгүүлэх гэж байна вэ? Энэ бүхний цаана асар их хэмжээний мөнгөний сонирхол, авилгын асуудал байгаа нь хэний ч нүдэнд ил харагдаж байна.
Эцэст нь хэлэхэд жинхэнэ Монгол уурхайчид бид Эх орондоо эзэн нь байж, эзэмшсэн мэргэжлээрээ бахархан хөдөлмөрлөж, энэ компанидаа тууштай ажиллаж ирээдүйгээ гэрэлтэйгээр харахыг хүсч байна. Бидний хүсэлтийг харгалзан үзээгүй тохиолдолд Монгол уурхайчид бид тэмцлийн бүх арга замыг сонгон тэмцэх болно гэдгээ үүгээр илэрхийлж байна.
Бид хэзээ ч бууж өгөхгүй
Өмнөговь аймаг Цогт-Цэций сум
Төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой” компанийн
Уурхайчид
2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр