Тавантолгойн ордыг тойрон толгой баячуул аархаж байна. Петровисийн эзэн хатагтай Ж.Оюунгэрэл "Бид нарыг баяжчихна гэж юундаа айгаад байна” гэж мөнгөгүй хэмээн төр засгийн газрыг ихээхэн эгдүүтэй баалж байгаа нь цэнхэр дэлгэцээр дүүрэн харагдлаа. Hero студийн хэд хэдэн удаагийн нэвтрүүлгээр монголчуудыг хоорондоо хэрхэн хэрэлдэж, үзэлцэж байгаа мэт нээлттэй харагдууллаа. Гэвч мөн чанартаа дааж давшгүй өр зээлэнд баригдсан өмч хөрөнгөө аварч гарахын төлөө хөрөнгө чинээлэг гэгддэг хэсэг нь Тавантолгойн уурхай руу улайран дайрч байгааг Монголын ард түмэнд харин ч нэг сайн ойлгуулж өгөх шиг боллоо. Тэдэнд шуналын хязгаар, ичих нүүр гэж ер үгүй болжээ. Улайрсан хүмүүсийн сүүлчийн арга юм даа.
Дээр доргүй магтан дуулаад байдаг Монголын толгой баян гэр бүлийнхэн гэдэг чинь төр, засаг, ард түмний буянгаар хөлжиж чадсан их л овтой зальтай хүмүүс болох нь үнэн дүрээрээ анх удаа харагдлаа шүү дээ. Тавантолгойн ордоо эргэлтэнд оруулахаар М.Энхсайханы хэлээд магтаад байгаа төслийн багийн хөрөнгө оруулалтын дүр зураг чинь тааруухан юм байна шүү дээ. Ийм гэрээний төсөл оруулснаараа М.Энхсайхан таны нэр хүнд ихэд унажээ. Захын иргэд хүртэл таныг бас муучилдаг боллоо. Төр улсынхаа төлөө зүтгэх ард түмний үнэнч хүү болж авах ховорхон бөгөөд дахиж олдошгүй боломжоо бас алдаж байгаа бололтой.
Хүн бүр үгээ хэлэх эрх, эрх чөлөө хэрхэн нээлттэй болсны ачаар Монгол улсынхаа хамаг баялаг дээр хэн хэний гэр бүл, танил талаараа, ахан дүүсээрээ албан тушаалаараа, бүлэглэн сандайлж сууснаа ч ил цагаандаа гаргаж хэлж байгаа нь тэртээ цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ач буянтай үйлс хэмээн бас бахархаж суулаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, С.Баяр, Д.Содном, М.Энхсайхан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн сайд С.Баярцогт мөн сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхирваа, Л.Энх Амгалан, Ж.Батсуурь, гишүүн асан Ц.Мөнх-Оргил, бизнесмен Ж.Оджаргал, Петровис ХХК-ийн Ж.Оюунгэрэл тэднийг дагалдах зарим хүмүүсийг өнөөгийн баячуул гэгддэг болсон юм байна.
Тэд маань Тавантолгойн уурхайг авахын төлөө энэ хэрүүл шуугиан гэгчийг хэрхэн өдөөж байгааг уужуу тайвуу ухаант ард түмэн мэдэж авалгүй яахав дээ. Үнэндээ сайд, дарга, энэ цагийн баячуул гэгддэг та нар одоо болноо. Тавантолгойн ордын 51 хувийг Монголын ард түмэнд хэрүүл доруул хийлгүй өгчихөө. Нүүрсний уурхайн их баялагт эзэд суух улс төр гэгчийг өрнүүлж байгааг хэвлэл мэдээллийнхэн ард түмэндээ харуулж өглөө. Саарал ордонд та нарыг "Нүүрсчдийн нам” гэж нэрлэх шиг боллоо. Үнэндээ улс төрийн нам шиг сурталдахыг харцгаалаа шүү дээ. Ашгүй дээ ингэж нэг үнэн дүр төрхөөрөө танигдлаа. Монголчууд ч мэдэж авлаа…
Томчуул маань өмнөө М-Си-Эс компаниар нүүрээ халхавчилсан байгаа нь ч илэрлээ. Тэд ч хэдэн өдрийн турш телевизийн дэлгэснээс огт салсангүй. Яасанч их мөнгө төгрөг зарцуулдаг зав чөлөөтэй улс вэ. Та нарыг Монголын ард түмэн хивсэн дээрээс буулгаагүй. Орд харш өргөө гэр барьж, хүндлэл дээдлэл үзүүлж талархаж чадлынхаа хэрээр дэмжиж тэтгэсэн. Хөрөнгө мөнгөтэй болголоо. Нэр төртэй явууллаа. Их эзэн Чингис хааныхаа одонгоор дээдлэн энгэрийг тань мялаалаа. Алт эрдэнэсээ ухууллаа. Уурхай ашигт малтмал юу байдгаа харамгүй өглөө. Ашигтай орлоготой аж ахуйн нэгжээ хувьчлалаар өөрт чинь олголоо. . Төрийн дээд албан тушаалд дэвшүүллээ. Төр улсын дээд шагнал одон тэмдэг гардууллаа. Одоо ханаж цаддаг хэмжээ хязгаар, цаг хугацаа гэж байхгүй юу. Юуны учир Тавантолгойн том төслийг хааж боож зогсоолоо гэж айлдна вэ. Эрдэнэс Тавантолгой компани ажиллаж л байна. Улсын төсөвт хөрөнгө мөнгө хуримтлуулж, гадаадын өр зээлийг төлсөөр л байна. Та нар баг хамтаараа ингэж улайрахын хэрэг байсан юм уу?
Эдийн засгийн хүндрэлээс гарах гэсэн гарцыг бололцоогүй болголоо л гэнэ. УИХ-ын дарга З.Энхболдыг ойлгохоо байлаа л гэнэ. Шуугиж байна аа та нар. Нөхдүүдийг ухаант буурлууд хэлсэн амнаас чинь шүүн тунгааж байгаа цаана чинь. Женко Х.Баттулга, "М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал гэдэг хоёр нөхөр бизнесийн төлөө хэрэлдэж, уралцаж байгаа сөргөлдөөн болгож, интернетийн ертөнцөөр нэг шуодаад юу хожив. Ямар үр дүнд хүрэв. Харин хэн нь хэн бэ. Юуны төлөө яваа нь шударга түмэнд сайн танигдлаа. Эдийн засгийн хямрал хүмүүсийг үнэн дүрээр нь гаргаж ирлээ. Бүр дотоод ертөнцөөр нь уудлаж өглөө. Монголд одоо нууц гэж ер үгүй болсон цаг юм даа.
Ерөнхий Сайд асан, УИХ-ын эрхэм гишүүн Сү.Батболд Өмнөговь аймаг дахь 6.4 тэрбум тонн нүүрсний ордтой Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг мэдээлэлд ойр байгаа давуу эрхээ ашиглан бусдаас өмнө өрсөж эзэмшиж чаджээ. Үүнийг шударга бизнес гэх үү эсвэл авлигал гэж ойлгох уу. Үнэнээр нь өчих цаг ирж л яваа гэдэгт хүмүүс ханцуй дотроо хэлдэг хэлэлцдэг болжээ. Сайд асан УИХ-ын гишүүн Сү.Батболд маань Тавантолгойн ордоос хамгийн их нөөцтэй "Ухаа-Худаг”-ийн уурхайг хувьдаа таслаж аваад Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж Монголдоо толгой цохих баяны тоонд нэрлэгддэг болсон түүхтэй төрийн түшээ шүү дээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ухаа худаг Таван толгойн их уурхайн өрөм нь гэж айлдаж байна лээ.
Товчхондоо "Ухаа худаг”-ийн уурхайн үнэлгээ нь /4 000 000 000/ дөрвөн тэрбум ам.долларын орд. Түүнийг манай эрхэм түшээ 883 мянган ам.доллараар хувьдаа авч Энержи-ресурс ХХК нэр цууд гарсаныг тэр болгон манайхан мэдэггүй. Нэг тэрбум ам.доллароор дөрвөн тэрбумын ашигтай наймаа хийдэг бизнес гэж бас байдаг юм уу? Энэ бол төрийн сайдын, төр түмний түшээгийн нөөлөг, хайр хүндэтгэл мөн байхаа.
Энержи-ресурс ХХК-ийн бизнесийн нэр хүнд гадаад дотооддоо сайнгүй болсныг УИХ-ын ажлын хэсгээс хийсэн мэдээллээс тодорхой харагдлаа. "Ухаа худаг”-ийн уурхайг эзэмшдэг "ММС” компани нь 2014 оны жилийн эцсийн байдлаар 1 тэрбум 170 сая ам. долларын өртэй болох нь энэ удаагийн дуулиан шуугианаар цацагдлаа.
Төрийн сайд М.Энхсайхан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хэлэлцээр хийж, Энержи-ресурс компани нь одоо байгаа нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц зэрэг хөрөнгөө 1 тэрбум ам.доллараар үнэлж хөрөнгө оруулалт хийж монголчуудыг эдийн засгийн хүндэрлээс аварч гарна гэж УИХ-д өргөн мэдүүлсэн нь хоосон "молиго үмхүүлсэн” байлаа. Уг хөрөнгө нь үнэндээ 400 сая долларын л үнэтэй юм билээ. Гэтэл 1 тэрбум долларт үнэлж хөрөнгө оруулалтанд шахаад 600 сая долларын ашиг унагааж байна шүү дээ… эд нар бизнес хийх ийм муу аргаа бас мэднэ.
Энержи-ресурсийн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь Нэг тэрбум 170 сая ам .долларын өр зээл. Гадаад улсын банкны барьцаанд байгаа өмч хөрөнгө, бонд , үнэт цаас, хувьцаа байсан нь УИХ-ын дарга З.Энхболдын нүүрийг улалзуулж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн удаа дараа "Эдийн засаг” хэмээн гурвантаа хийсэн мэдэгдэл амлалтууд нь түүнд итгэх итгэлийг хөсөрдүүлж, Ардын намынхан хүртэл Шийдлийн засгийн газраас гарах эсэхээ хэлэлцэж "Амиа бодож довоо шарлуулах”-аар шийдэж байгаа бололтой.
Энержи-ресурсийнхэн "Ухаа худаг”-ийн уурхай цаашид ашиггүй алдагдалтай болж байгааг учраас том Таван толгой буюу Эрдэнэс Таван Толгой төрийн өмчит компанийн бүх эрхийг гартаа авч Женко Х.Баттулгын хэлснээр Дэлхийд гайхуулах насан туршийн баячуул болохын төлөө ингэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр өглөө оройгүй бүгдээрээ түмний тархийг угаахаар сэтгэлзүйн нэг ёсны "дайн дажин” өрнүүлж байна шүү дээ.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан хэлэхдээ: "Сайд асан Сү.Батболд одоо болно оо. Шунал ихэдвэл шулам болно оо. Чингис зочид буудлыг авсаан. Бороо гоулдоос 45 тонн алт гаргасан. "Ухаа худаг”-ийн уурхайн ордыг бараг зүгээр авчихсаан. Одоо дампуурсаныг нь зарлах хэрэгтэй” гэсэн нь оргүйч зүйл биш бололтой. Манай толгой баячуулын саалийн үнээ ширгэж, уурхайн гүний усанд автаж, алдагдал хүлээх болсныг бизнес эрхлэгчид, эдийн засагчид, зарим шинжээчдийн дүгнэлтээр нотлогддог боллоо.
Эрдэнэс Тавантолгой /ЭТТ/ төрийн өмчид компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж, Монгол Улсаас гадаадад экспортолсон нийт нүүрсний 57 хувийг ЭТТ компани дангаараа гаргаж, 2014 онд 5.7 сая тонн нүүрс олборлож, 400 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2015 онд 28.5 тэр бум төгрөгийн ашигтай ажилласан байна. Анхны Ерөнхийлөгчөөсөө өгсүүлээд ЭТТ компанийг ашигггүй өр зээлтэй хэмээн зарлаж байгаа нь ЭТТ компаний оронд М-Си-Эс компанийг оруулахаар хийж байгаа мэдээлэл гэдгийг хэн хүнгүй ойлгоно доо.
Анхны ерөнхийлөгч асан таны муучлаад байгаа ЭТТ компани нь Чалько компаниас зээлсэн 350 сая ам доллар өрийнхөө 210 саяыг нь төлж дуусгажээ. Тэнд зөвхөн зуун хувь монголчууд ажиллаж байна. Төрийн Сайд М.Энхсайхан Эрдэнэс Тавантолгой компанийн оронд Энержи-ресурсийг оруулж ирэхээр төсөл боловсруулсан нь Монголын шударга олон түмний эгдүүцлийг ихэд татаж байхад та харин түүнийг магтан сайшааж байгааг ойлгоход хэцүү асуудал санагдсан. Цаг хугацаа харуулна биз дээ.
Эрдэнэс тавантолгой "ЭТТ” компаниас Тавантолгой –Гашуун сухайт чиглэлд 267 км төмөр замыг Монгол Улсын мэдлээс гаргаж, гадаадын хөрөнгө оруулалтын мэдэлд өгөхөөр М.Энхсайхан төсөлдөө тусгажээ. Гадаадын ажиллах хүчийг олон зуугаар нь оруулж ирэхээр төсөлд суулгасан нь дотор газрынхан голчлох нь тодорхой л доо.
ЭТТ компанид нэрлэгдэж бүртгэгдсэн хоёр сая гаруй иргэдийн 1072 ширхэг хувьцааг бас орхигдуулжээ. Монгол Улсын үндэсний 553 аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа ч ор тас гээгджээ. Эндээс ухаарч "Буянгийн хэмээх” Б.Жаргалсайханы амнаас М.Энхсайхан таныг Энержи Ресурс компаниас 3 сая доллар авсан хэмээн сонин хачин мэдээлэл цацагдлаа шүү дээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Цог, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн сайд асан А.Гансүх нар бусад нөхдийн хамтаар Тавантолгойн уурхайг дээрх нөхдүүдэд эзэгнүүлж яасанч болохгүй гэсэн үзэл бодлын дор нэгдсэн нь шударга олон түмний талархлыг зүй ёсоор хүлээж байгаа бололтой. Монгол улсад үнэн шударга ёс гэж байдаг бол шударга түмний талд асуудал шийдэгдэх нь гарцаагүй. Энэ үнэн. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Л.ЦЭРЭН-ОЧИР