|

Монгол Улсын далбааг “худалдах” төлөвлөгөө

namuunaa 2015/10/30 928 26
Монгол Улс далайд гарцгүй орнуудын нэг. Гэвч бид 1958 оноос эхлэн далайн Олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орж далайн тээвэртэй холбоотой Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, идэвхтэй оролцох үндэс суурь тавигдсан түүхтэй. Хэдийгээр далайд гарцгүй ч төрийн зүгээс далайн тээврийн салбарт оновчтой бодлого хэрэгжүүлж чадвал ихээхэн ашиг олж болохуйц салбар гэж яригддаг.

Тиймээс Олон улсын далайн байгууллагад элсэн орж, "Далай ашиглах тухай” хуулиа баталж, 2001 оноос эхлэн эх орныхоо нэр дээр хөлөг онгоц бүртгэж Монгол Улсын төрийн далбааг мандуулж эхэлсэн. Тэр цагаас хойш 10 гаруй жил Монгол Улсын төрийн далбааг мандуулсан хөлөг онгоц далайн тээвэр хийж ирсэн байдаг. Хөлөг онгоцны бүртгэлийг манай улс Сингапурын талтай хамтарч "Монголын Хөлөг онгоцны бүртгэл” нэртэй компани байгуулан ажиллаж иржээ. Гэтэл Зам, тээврийн сайд М.Зоригт дээрх хамтарсан компанийг дур мэдэн хувьчлах гэж буй талаар эх сурвалжууд мэдээллээ.
 
Тодруулбал, хоёр улсын хамтарсан компанийг ойрын үед хувьчлахаар шийдсэн байна. Дээрх компанийн хувьцааг Монгол Улс болон Сингапурын тал хамтран эзэмшдэг. Тиймээс хувьчлах асуудал яригдсан тохиолдолд УИХ-ын түвшинд уг асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй юм. Түүнээс хэн нэгэн эрх мэдэлтэй сайд дур мэдэн шийдвэрлэхээр төлөвлөж буйг төр, засгийн удирдлагууд анхаарлдаа авах нь зүйтэй байна. Далайн тээвэр гэдэг нь өөрөө ихээхэн онцлогтой салбар. Байгаа ганц стратегийн чухал ач холбогдол бүхий үйл ажиллагааг хувьчилсан тохиолдолд контарбанд, хүний наймаа, хар тамхи гэх мэт онц ноцтой гэмт хэргүүд гарахгүй байхыг үгүйсгэх аргагүй.
 
Хэрвээ тийм зүйл болсон тохиолдолд Монголын төрийн далбааг мандуулсан учраас хариуцлагыг манай Засгийн газартай ярих нь тодорхой. Өмнөх жилүүдийн үйл ажиллагаа нь тааруу байсан хэдий ч өнгөрсөн оноос эхлэн яам болон холбогдол байгууллагууд энэ асуудал дээр анхаарал хандуулж хөлөг онгоцны бүртгэлийн хяналтыг сайжруулж, холбогдох арга хэмжээг авч ажилласны үр дүнд компанийн үйл ажиллагаа гольдролдоо орж байгаа аж. Ямартаа ч төрийн өмч, тэр дундаа хоёр улсын хамтарсан компанийг салбарын сайд нь дур мэдэж хувьчлах асуудал хэрхэвч байж болохгүй. Үүнээс үүдэн гарах сөрөг үр дагавар нь ихээхэн ноцтой байж болзошгүй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дээрх ажлыг Зам, тээврийн сайд болон түүний зөвлөх Ё.Манлайбаяр нар тун удахгүй ажил хэрэг болгохоор зэхэж байгаа гэнэ. Ё.Манлайбаяр нь Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллахын сацуу Зам, тээврийн сайдын зөвлөхөөр ажилладаг юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top