|

Ийм хэдэн санаа байна, эрхэм гишүүд ээ

saikhnaa 2015/11/19 1034 12
Хөх Монголын хөх тугийг мандуулъя
 
Ер нь хүний сэтгэлгээнд энэ тэнд улаан юм байна гэвэл юуны түрүүнд цус л санаанд ордог. Тэгэхээр манай төрийн далбаа улаан-хөх-улаан гээд улаан өнгө нь хоёр дахин их байдаг. Улаан туг  бол цуст тэмцлийн бэлгэдэл гэж коминтернээс МАХН-д зааж өгсөн өнгө. Түүнээс биш Монголын туг дээр үед хөх өнгөтэй шар залаатай байсан. Энэ цуст тэмцлийн бэлгэдэл болсон өнгөний үрээр 1922 оноос эхлэн аль эрдэм боловсролтой гэснээ устгах цуст тэмцлээ коминтерний заавраар МАХН эхлүүлсэн. Одоо цуст тэмцэл манайд гарахгүй. Тэртээ 1990 оны ширүүн тэмцлийн үед нэг ч хүний хамраас цус гаргалгүй ардчилсан хувьсгалыг өрнүүлж чадсан. Тэгэхээр одоо цуст тэмцлийн бэлгэдэл болсон улаан-хөх-улаан тугийг халж Хөх Монголын хөх-улаан-хөх тугийг мандуулж, түүн дээрээ алтан соёмбоо эхний хэсэгт тавьж  болно.

Улаан өнгө бол коммунизмын өнгө. Энэ өнгөнөөс салах дургүй хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо ямар ч гэсэн цөөрсөн байх. Ёстой өнөө соц нийгмийн үед нэг дарга "Хувьсгалын жилүүдэд чөтгөр эрс цөөрсөн” гэсэн юм гэнэ билээ гэсэн яриа гарч байсан шиг. Ямар ч гэсэн төрийн далбааг өөрчлөх цаг нь болсон байна. Нэгэнт л ардчиллыг эргэлт буцалтгүй сонгосноос хойш хувьсгалын улаан өнгөө багасгаж, ардчиллын цэнхэр өнгийг ихэсгэх хэрэгтэй бус уу. Бас нэг хувилбар нь, мөнх хөх тэнгэрийн бэлгэдэл болгож, хөх туган дээр нарыг найман тийш нь цацрагтай хийж болох юм. Төрийн туг хаашаа ч харж байсан ч толгой нь өөдөө, уруугаа харлаа гэх асуудал гарахгүй сайн талтай. Орос болон хуучин соц гэгдэж байсан орнууд төрийн далбаагаа сольсныг манай эрхмүүд арай мэддэггүй юм биш биз дээ.

Түүгээр ч  зогсохгүй улсын баяр наадмаа Их Монгол Улс байгуулагдсан 1206 оноос  тоолон тэмдэглэх хэрэгтэй. Манжийн захиргаанд байсан үед ч Монгол Улс гэж л байсан. 1911 онд Богт хаант Монгол Улсыг байгуулан улсын дээд, доод хоёр хуралтай, ёстой ардчилсан улс байгуулсаныг 1921 онд улаан Оросын нөлөөгөөр устган 70 жил тотилатор дэглэмээр замнаад ард түмнээ баахан егүүтгээд 1990 онд ардчилсан хувьсгалыг өрнүүлсэн. Тэгээд 1911 оныхоо үе шиг ардчилсан төртэй нийгмээ байгуулсан шүү дээ. Гэхдээ одоо ч гэсэн 1911 оных шиг хоёр танхимтай хуралтай болж чадаагүй байгаа нь манай дээдсүүд тэр үеийн эх оронч зүтгэлтнүүдийн хэмжээнд сэтгэж чадаагүй л байгаагийнх юм даа.

Улсын нийслэлийг Хархорумд шилжүүлье

Монгол орон шиг уудам газар нутагтай хүн ам цөөн улс дэлхийд байхгүй байх. Гэтэл бид газар хавчсан юм шиг ганц нийслэлдээ шавааралдаж багтаж ядан цухалдаж, алга дарам газрын төлөө дайтах нь холгүй хэрүүл маргаан үүсгэж байна. Бас ард түмэнд хүрэх бүх л төрлийн үйлчилгээ хүрэхгүй, хүн амын өсөлтийг гүйцэхгүй байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр, орон сууц хүрэлцэхгүй бөөн асуудал болж байна. 2013 оны арваннэгдүгээр сарын 12-ны мэдээгээр Монгол Улс агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигдлээ гэсэн мэдээ явсан. Дэлхийн хэмжээнд хүн амынхаа суурьшлаар хамгийн өргөн дэлгэр нутагт тархан суурьшдаг хэмээн нэрлэгдэж, уудам сайхан орон, агаарын хамгийн цэвэр ариун орон гээд байсан нь яагаад ийм болчихов. Энэ бол Улаанбаатарт бүх хүмүүсээ шавуулж, Утаанбаатарынхаа өнгөөр бүх Монгол орныг үнэлүүлж байгаа үе үеийн уламжилж ирсэн арчаагүй төр, удирдлагуудын лай ланчиг. Тэгэхээр энэ байдлаас гарах ганц арга бол улсын нийслэлийг Хархоринд шилжүүлэх хэрэгтэй.

Хархоринд шилжүүллээ  гээд одоо Улаанбаатарт байгаа барилга байшинг нурааж зөөнө гэсэн үг биш. Шинээр барих барилга байгууламж, сургууль, эмнэлэг, орон сууцаа Хархоринд барина гэсэн үг. Улаанбаатар бол үйлдвэр худалдаа, олон улсын зам тээврийн том төв л байна биз. Шинэ нийслэлд ямар нэг аж үйлдвэрийн цогцолбор байхгүй зөвхөн үйлчилгээний, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн  байгууллагууд л байна гэсэн үг. Тэгсэн цагт Улаанбаатар гэх Утаанбаатартаа шавааралдаж, цухалдахгүй одоо дутагдалд ороод байгаа орон сууц, зам тээвэр гээд бүх асуудал хэвийн болно. Ер нь дэлхийн том улсууд нийслэлдээ бусад том хотуудаасаа цөөн хүн амтай байдгийг  олон улсын  жишээнээс харж болно. Тэртээ нэгэн цагт олон улсад алдартай Их Монгол Улсын нийслэл гоёмсог хот байсныг сэргээн  Хархорум гэж нэрлэх хэрэгтэй. Хархорум бол Монгол нутгийн гол цэгт шахам, нутгийнхаа дундажийг олсон зөв газар.

Ялангуяа баруун аймгийнханд одоогийн нийслэлээс 400 гаруй км ойртоно гэсэн үг. Энэ бол зардал чирэгдэл үлэмж багасах сайхан боломж. Одоогийн Засгийн газрын дэвшүүлээд байгаа аймаг бүрт 1000 айлын орон сууц, 200 айлын хаусын 50 хувийг Хархорумд барих хэрэгтэй. Мөн Улаанбаатарт байгаа машин, хашаа байшин, үйлдвэр аж ахуй зэрэг үл хөдлөх хөрөнгийн татвар, бараа материалын үнэ хөдөө орон нутгаас арай илүү, нийслэлээс алслагдсан аймаг сумын ард иргэдэд үл хөдлөх хөрөнгийн  татвар маш бага буюу бүр алслагдсан  газар татваргүй байсан ч болох арга хэмжээ авах хэрэгтэй.

Улаанбаатар нэрийг өөрчилж "Дөрвөн уул” гэж нэрлэе

Монголын нийслэлийг 1739 онд үүссэн гэж одоо тэмдэглэх болж. Уг нь 1240 он гэхэд Хархорин хотыг байгуулчихсан олон улсын чанартай арилжаа наймаа, хөл хөдөлгөөн өрнөсөн Их Монгол Улсын нийслэл байсан юм билээ. 1260 онд Хубилай хаан нийслэлийг Хятадын Бээжин хотын орчим шилжүүлсэн. Түүнээс хойш 1368 онд Их Юань улс мөхөж, Тогоонтөмөр хаан нутагтаа хөөгдөж ирсэнээс хойш Монгол Улсын нийслэл гэж тодорхой юм байсангүй. Тодорхой удирдсан засаг төр, хаан  байсан ч бараг ор нэрийн төдий байсаар 1634 онд Лэгдэн хааныг элснээс хойш хайхрах эзэнгүй, ёстой л эзнээ алд гэдэг шиг бусдын эрхэнд  360  орчим  жил болжээ.

Өндөр гэгээн Г.Занабазарыг төрөөд таван настайд нь Монголын анхны богд Жавзандамбаар өргөмжлөөд, одоогийн Өвөрхангай аймгийн нутаг Ширээ цагаан нуур гэдэг газар өргөө барин, түүнийгээ Монголын нийслэл гэж тунхагласан аж. Түүнээс хойш  Өргөө, Их өргөө, Хүрээ гэх мэт эерэг олон нэртэй олон удаа буурь сэлгэн нүүж байж. Монголын хамгийн том Өргөө буюу Хүрээ л гэсэн санаа байв. Гэтэл 1924 онд Улсын анхдугаар хурлын үед Нийслэл хүрээний нэрийг цуст тэмцэлд ялж, ардын хувьсгалыг мандуулсаны  бэлгэдэл болгон Улаанбаатар гэж нэрлэжээ. Улаанбаатар бол коминтернээс өгсөн цуст тэмцлийн бэлгэдэл болсон нэр.

Цус хэдий чинээ их урсгана, төдий чинээ ялж, баатар болно. Манай нийслэлд Оросын эх орны дайны үе шиг цус асгаруулан зууралдсан дайн байлдаан болж байсан биш. Тийм дайн болж байсан бол бас яах вэ, баатар орсон нэртэй хот байж болох. Ямар нэгэн үйл явдал цаг үеэ өнгөрөөсний дараа утга чанараа алдаж, анхны өгсөн нэр ач холбогдолгүй болох явдал байдаг. Түүн лүгээ адил одоо Улаанбаатар нэр тэртээ 20 хэдэн оных шиг тэмцлийн бэлгэдэл байхаа больжээ. Тийм  учир энэ нэрнээс татгалзаж, газар орныхоо хүндэтгэл болсон Богдхан, Чингэлтэй хайрхан, Сонгино хайрхан, Баянзүрх хайрхан”  дөрвөн уулынхаа бэлгэдлээр  "Дөрвөн уул” гэж нэрлэвэл зохилтой. Угаасаа ч дөрвөн уулынхаа дунд нь байгаа юм чинь. Ямарваа нэг хот суурингийн нэр тэр орчныхоо газар усны нэрээр нэрлэгдсэн байдгаас биш  ямар ч авцалдаагүй  утгагүй нэрээр нэрлэдэггүйг санах хэрэгтэй. Харин түүхт хүмүүсийн нэрийг мөнхжүүлэхийн тулд хүний нэрээр нэрлэх явдал байдаг. Гэхдээ тэр бол баттай зүйл биш. Нэг нийгэм нь солигдохоор нөгөө хүний үнэ цэнэ буурч нэрийг нь авч хаяж болох талтай. Тийм жишээ гадаад оронд  олон байдаг. Тийм ч учраас Монгол Улсынхаа нийслэл, тэргүүлэх хотоо "Дөрвөн уул” гэж нэрлэе.
Эх сурвалж: www.mminfo.mn
МЗЭ-ийн УЗТ шагналт зохиолч Л.Банзрагч

Санал болгох

Сэтгэгдэл

top