|

Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэв

magnai 2015/11/24 943 0

Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг дүгнэв

"Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймагтай хамтран 2013-2015 онд байгаль орчин-экологи, үйлдвэрлэл-технологи, зам, тээвэр-харилцаа холбооны чиглэлээр 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2013-2015 онд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын нээлттэй тайлангийн хурал өнөөдөр "Уурхайчин” соёлын ордонд боллоо. Тайлангийн хуралд төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 гаруй төлөөлөл, Орхон аймаг, "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд оролцов. Үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймгийн хөгжил, иргэдийн амьдралд "Эрдэнэт” үйлдвэрээс оруулж буй хувь нэмэр их гэдгийг аймгийн удирдлагууд илтгэлдээ онцолсон.
"Эрдэнэт” үйлдвэр "Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төвийг шинээр барьж ашиглалтанд оруулахад 2008 оноос хойш 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн 5,3 тэрбум төгрөгийг хууль эрх зүйн сургалт, орон сууцны 2, 3, 6-р бичил хорооллын байрнуудын фасадны ажил, 3-р хорооллын авто зам, кувейтийн гудамжны цэвэр усны хоолойн засвар, байгалийн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан байна. Орхон аймгийн дэд бүтцийн байгууламж, тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах тусгай тээврийн хэрэгсэл, техник, дэд станцын хүчин чадлыг өргөтгөх, дунд сургуулийн спорт заал, цайны газар, дулаан, цэвэр усны шугам барих зураг төслийн ажлуудыг гүйцэтгэхэд 500 орчим сая төгрөгийг "Эрдэнэт” үйлдвэрээс санхүүжүүлсэн байна.
Орхон аймгийн нутгийн захиргаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор "Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтын 30 хүртэл хувийг орон нутгийн бизнес эрхлэгчдээс нийлүүлэх боломжийг судалж, хамтарч хэрэгжүүлэхээр заасан. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Орхон аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг эрчимжүүлэх цогц арга хэмжээг авснаар "Эрдэнэт” үйлдвэрийн нийт худалдан авалтанд эзлэх дотоодын үйлдвэрлэгчдийн хувь өсчээ. 2013 онд нийт худалдан авалтын 15% буюу 27,6 тэрбум төгрөгийн, 2014 онд нийт худалдан авалтын 17% буюу 45,7 тэрбум төгрөгийн, 2015 оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 19,4% буюу 51,3 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсан байна.
"Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьж, тэдний дунд сонгон шалгаруулалт явуулан олон аж ахуйн нэгжийг өөрийн ханган нийлүүлэгчээр тодруулан ажилласны үр дүнд тэдгээр аж ахуйн нэгжийн орлого өсч, орон нутагт төвлөрөх татвар нэмэгджээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2013 онд нийт худалдан авалтын 10% буюу 19 тэрбум төгрөгийн 161 гэрээ хийсэн бол 2014 онд нийт худалдан авалтын 11% буюу 23,5 тэрбум төгрөгийн 165 гэрээ хийсэн байна. Үүнээс харахад орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс авах бараа материалын худалдан авалт 2013 онтой харьцуулахад 24%-иар өсжээ. 2015 оны эхний 9 сарын байдлаар нийт худалдан авалтын 14% буюу 35,9 тэрбум төгрөгийн 96 гэрээ хийсэн нь 2014 онтой харьцуулахад 53%-иар өссөн байна. Цаашид ч "Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хотынхоо ирээдүйн хөгжлийн төлөө олон үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. 
 
 
Эх сурвалж www.wikimon.mn 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top