|

Н.Энхбаяр: Энэ өдрийг бахархлын өдөр болгон тэмдэглэх ёстой

magnai 2015/11/26 1115 0

Н.Энхбаяр: Энэ өдрийг бахархлын өдөр болгон тэмдэглэх ёстой

Анхдугаар Үндсэн хууль батлагдаж, Бүгд найрамдах Монгол улсаа тунхагласны түүхт 91 жилийн ой энэ өдөр тохиож байна. Энэ хүрээнд МАХН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчдийн хамтаар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ,  МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү болон МАХН-ын Нарийн бичгийн дарга нар оролцлоо.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "1924 оны 11 дүгээр сарын 26 бол хаант улсыг халж, Бүгд найрамдах улс болж өөрийн Үндсэн хуулиа баталсан өдөр. Бидний хэлж заншсанаар Улс тунхагласны баярын өдөр. Баяр талаас нь харах нэг хэрэг. Бидний туулж ирсэн түүх, уламжлагдаж ирсэн монгол хүний оюун санааны дархлаа талаасаа энэ өдөр маш чухал. Чухал учраас бид энэ түүхэн өдрийг, бахархалын баярыг монголчууддаа сануулж, сэтгэлд нь эрх чөлөө, тусгаар тогтнолын галыг нь бадрааж байх үүднээс жил бүр уламжлалаа хадгалж тэмдэглэсээр ирлээ. Энэ өдрийг мартаж, дараагийн баярыг гаргаж ирдэг байж болохгүй. Тийм ч учраас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг баярын, бахархалын өдөр болгон тэмдэглэх ёстой” гэдгийг онцолсон байна.  

Д.ЖАРГАЛ

zaluu.mn
 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top