Хорвоо дэлхийн эрдэмтэн мэргэд Монгол адууны тэсвэр хатуужлыг гайхжээ. Хойд туйлын хахир хатуу өвөл болон Дорнод Сибирийн яс янгинам тэсгим хүйтэнд ч ажирдаагүй адуунууд сүүн тэжээлт амьтадын тэсвэр хатуужлын дээд болсон бөгөөд учир шалтгааныг нь мөшгин судлаад үзэхээр хэдэн зуун жилийн шалгарлыг давсан Монгол угшилтай адуунууд байсан байна. Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд бичсэн нэгэн өгүүлэлд эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Уг өгүүлэлд тэмдэглэснээр, өнөөгийн якутуудын өвөг дээдэс болох түрэг хэлтэй улс үндэстнүүд Байгаль далайн эрэг хавьцаас аль тэртээ XIII-XV зууны үед хүйтэн цэвдэг газар нутагт ирж суурьшсан бол тэдний ачлага уналгандаа хэрэглэж ирсэн адуу өнөөгийн якутуудын нүүдлийн амьдралын гол түшиг тулгуур нь болсон байна. Адууны мах, арьс ширгүйгээр өвлийн давж гарна гэж байхгүй. Лена, Алдана, Вилюя зэрэг Цельсийн 70 градус хүртэл хүйтэрдэг газар нутагт бол бүр бүтэхгүй гэсэн байх ажээ.
Ийм дүгнэлтэд хүрсэн судалгаа хийхдээ эрдэмтэд Якутын орчин цагийн ес, эрт цагийн хоёр адуу, мөн бусад 27 үүлдэр угшилын адууны генийг харьцуулсан байна. Харин сонирхолтой нь судалгааны дүнд Якутад гучин мянган жилийн өмнө плейстоцений эринд адууны өвөг амьдарч байгаад дараа нь мөхөж устсан, балар эртний тэдгээр адуу өнөөгийн Якутын адуутай ямар нэгэн холбоогүй болохыг тогтоосны дээр сүүлд нь 700-800 жилийн өмнө түрэг хэлтэй хүмүүс Монголын нутаг дэвсгэрт хүрэл зэвсэгийн үеэс гаршуулсан адуу авчирснийг тодруулсан байна.
Якутын адууны ген биеийн бодисын солилцоог зохицуулах ДНК-тай байсан бөгөөд үсэн бүрхэвчний нягт, арьсан доорхи өөх болон биеийн дулааныг аль болох бага хорогдуулах ач холбогдолтой гормоны өөрчлөлт зэрэг чухал хүчин зүйлүүд нөлөөлж байгааг эрдэмтэд олж мэдсэн аж. Эцэст нь Якутын адууны үсний өнгө, ургалтыг зохицуулдаг ген нь өөрчлөгдөж, туйл хавьд амьдардаг ан амьтад, арслан заан, хүнийхээс тэс өөр болсоныг тогтоосон байна.
Сэтгүүлч Л.Отгонба