Монгол улсын Нийгмийн харилцааны тулгуур хуулиудын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар өргөн хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед Нутгийн удирдлагатай холбоотой асуудлуудыг хэлэлцэх талбар бий болгох, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, шийдлийг гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрийн Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран "Нутгийн удирдлага, сорилт-шийдэл” Үндэсний чуулганыг 2015 оны 12 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
Чуулганы зорилго нь нутгийн удирдлагатай холбоотой хуримтлагдсан асуудлуудыг хэлэлцэх, улмаар Улсын Их Хурлын төвшинд хийгдэж буй Үндсэн хуулийн болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажилтай холбогдуулан бодлогын хувилбарууд, шийдлийг хэлэлцэж, нэгдсэн зөвшилцөл бий болгоход хувь нэмэр оруулах, хууль тогтоогчдод зориулан нэгдсэн зөвлөмж гаргахад чиглэж байна.
Чуулганд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн удирдлагууд, төр засгийн байгууллагууд, сургалт судалгааны болон төрийн бус байгууллагууд, олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын өргөн төлөөлөл оролцож байна.