Монголын улс төрд "гавихгүй, шалихгүй хүмүүс гай, лай” болж дуусдаггүйн нэгэн жишээ гэвэл өдгөө Уул уурхайн яамны сайдаар ажиллаж буй Р.Жигжид гэх нөхөр.
Тэрбээр МАН-ыг УИХ-д олонхи байх үед Элчин сайдаар томилогдон, олон жил ажилласан ч гэв гэнэтхэн нүүрээ буруулан АН-ын гишүүн болж, Засгийн газрын гишүүн болсон.
Сүүлийн үед түүнтэй холбоотой, уул уурхайг тойрсон элдэв асуудлууд ихэд гарах боллоо. Саяхнаас гэхэд ард иргэдийн уур бухимдлыг ихээхэн төрүүлж буй нэг асуудал бол Бурхан Халдун уулнаас эх авч урсдаг Онон голын хөвөөнд 772 га газрыг гадаадын компанид ашиглуулахаар хууль бусаар лиценз олгосон явдал юм. Хэрвээ тус алтны уурхай ажиллаж эхэлбэл Онон гол, Бурхан Халдун уул, Амар мөрний ай сав бохирдох аюулд нэрвэгдэх аж.
Үүнийг эсэргүүцэн "Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан суулт зарлаж, хууль бусаар олгосон лицензээ цуцлаач гэсэн шаардлага тавьсан билээ. Тэдний өгч буй мэдээллээр Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, сумын нутаг Онон голын сав газарт нийт 779.23 га талбай бүхий MV кодтой 019023 кодтой ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр олгожээ. Энэ нь урт нэртэй хуулийн зүйл, заалтуудыг ихээхэн зөрчжээ. Харин Р.Жигжид дээрх мэдээллийг эрс үгүйсгэн, "…Уул уурхайн яам Монгол Улсын бүхий л хууль дүрмийг ягштал мөрдөж байгаа” гэж мэдэгдэн "мэлзээд” байгаа юм.
Юутай ч энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүнийг огцруулах хүсэлтэй иргэд, ТББ-уудын арга хэмжээ олшрох төлөвтэй байна.
Түүнчлэн, өнгөрөгч 11 сард "Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь тус салбарт тулгамдсан асуудал хэр их байгааг харуулсан билээ. Уг хэрэг явдлын дараа тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлөхөд олон нийтийн зүгээс "Ганц хүнийг халаад асуудлыг дуусгаж болохгүй, Уул уурхайн сайд Р.Жигжид ч хариуцлага хүлээх огцрох ёстой” хэмээн бухимдацгааж байсан юм.
Ийнхүү улс, эх орныхоо эрх ашгийг хөсөр гээсэн энэ мэт нөхдийн увайгүй үйлдэлд ард түмэн өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ. Р.Жигжид гэгчээс "жигших” болсон нэгэн учир энэ юм. Цаашид хэрхэхийг нь харах л үлдлээ.
Тоймчхүү
Эх сурвалж: ФАКТ.МН