Төрийн сангийн зээлээр гадаадын нэр хүндтэй, өндөр өртөгтэй их дээд сургуулиудад манай улс оюутан залуусаа явуулдаг билээ. Уг нь анх өнчин, ядуу буюу Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны төвшингээс доогуур орлоготой иргэд, малчин өрхийн нэг суралцагч гэх мэт шалгуур үзүүлэлт бүхий дотоодын сургуульд суралцагч иргэдэд зээл тусламж олгохоор заасан байдаг юм.
Зарим тохиолдолд зээлийг буцаан төлүүлэх журамтай ч, хөрөнгө оруулалтын үр өгөөж өөрөөр хэлбэл, тухайн мэргэжлээрээ ажиллаж байгаа байдлыг нь шалгуур болгон зээлээс чөлөөлөх тогтоолуудыг ч сүүлд гаргасан байдаг.
Харин гадаадын өндөр хөгжилтэй оронд 1997 оноос 2012 оныг хүртэл 33 оронд 88 мэргэжлээр 1065 оюутанд 24.6 сая ам.долларын зээл олгосон юм билээ. Жилд дунджаар 30 орчим тэрбум төгрөгийг төрийн сангийн зээлээр гадаадад суралцагч нарт зориулж байгаа гэх судалгаа бий. Энэ их хөрөнгө оруулалт үр дүнгээ өгсөн бол өдийд хангалттай боловсон хүчин бэлтгэгдсэн байх ёстой. Гэвч амьдрал дээр эх орондоо хэрэгтэй эрдэмтдийг сургаад тэднийхээ хүчээр хөгжиж буй зүйл үнэндээ алга. Яагаад.
Гадаадын их дээд сургуульд зээл тусламж тэтгэлгээр суралцагчид нь ихийг хийж бүтээе эх орноо хөгжүүлье гэх сэтгэлгүйд байгаа юм. Учир нь ийм хөнгөлөлтөөр Улс төрийн өндөр дээд албан тушаалтан болон хөрөнгөтэй эрхмүүдийн хүүхдүүд сурч байгаа. Жирийн ардын зүтгэлтэй хүүхдүүдэд ийм төрлийн тусламж, тэтгэлэг олддоггүй. Олдоход тун бэрх. Эрх мэдэлтэй албан тушаалтай, мөнгөтэй хүмүүс хүртэл хувийн хөрөнгөөрөө хүүхдээ сургахгүй улсын мөнгөөр сургалтын төлбөрийг нь хийдэг. Тэдний ихэнх нь эх орондоо иргэж ирдэггүй. Мөн үүнээс гадна эргүүлэн улсад төлөх ёстой ч төлдөггүй.
Тодруулбал 2013 оноос эхлэн олон нийтэд нээлттэй зарлаж буй төрийн сангийн зээлээр сураад, төлбөрөө улсад эргүүлэн төлөөгүй хүүхдүүдийн нэрсийг харахад. МАН-ын Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо, Сангийн сайд асан Н.Баяртсайханы охин Б.Хулан, сайд асан Ц.Өөлдийн хүү Ө.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Я.Эрхэмбаяр өөрөө, Монгол банкны ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү бизнесмен Хангал, Хөрөнгийн биржийн захирал асан Р.Содхүүгийн охин С.Гэрэлмаа, тэрбумтан бизнесмен Болдхэтийн охин Б.Хулан,УИХ-ын Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Оюунбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цагааны хүү Мөнхтүвшин зэрэг нэлээд олон улстөрчдийн хүүхдүүдийн нэрс байна.
Одоо ч төрийн сангийн зээлээр хүүхдүүдийг гадаадын сургуульд явуулсаар байгаа. Хамгийн гол нь хэн сонгоод хэний хүүхдийг ийм боломжоор дайлаад байна вэ. Төрийн сангийн зээл гэдэг чинь ер нь хэний хүүхдэд зориулсан тэтгэлэг вэ. Жирийн ардын хүүдүүд хүртэх эрхгүй юу.
Н.Ганаа
Dorgio.mn