|

ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

tonshuul 2016/01/13 14657 3635

ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

 

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн дарга, ТУАБ Л.Болормаатай ярилцлаа.

- Иргэд ямар ямар тохиолдлуудад ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

- Иргэн хүн Хувь  хүний орлогын албан татварын тухай хуулийн 16, 24-р зүйлд заасны дагуу хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.

Нэгдүгээрт, Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлнө гэж заасан байдаг.  Та 60 сая төгрөгөөр байр худалдан авсан тохиолдолд 30 саяд нь ногдох татварын орлогыг чөлөөлнө гэсэн үг.

16 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого
16.1.12. Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.

Хоёрдугаарт, Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн байдаг. Тухайн жилдээ сургалтын төлбөрт 2015.01.01-2015.12.31-ны хооронд буюу тайлант хугацаанд төлсөн төлбөрийн баримтыг үндэслэн 10 хувийг буцаан олгодог.

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Гуравдугаарт, Иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлж, сургалтын төлбөрөө төлсөн бол 10 хувийг нь буцаан олгодог.

24 дүгээр зүйл. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх
24.7.Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна.

Орон сууц худалдан авсан тохиолдолд татвараа буцааж авдаг бол сургалтын төлбөр төлсөн л бол 10 хувийг нь буцааж авах боломжтой. 

- Хөнгөлөлтөд хамрагдахын тулд ямар бичиг баримтууд бүрдүүлэх вэ?

- Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хувь хүний тайлан гаргаж, тайлагнах ёстой. Бүрдүүлэх бичиг баримтыг Татварын Ерөнхий Газраас гаргасан байдаг. Хүн бүр тус бичиг баримтуудыг бүрдүүлээд хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.

- Анх удаа хөнгөлөлт эдлэх гэж байгаа болон хоёроос дээш удаа хөнгөлөлт эдлэх гэж байгаа иргэд өөр өөр бичиг баримт бүрдүүлдэг байх аа?

- ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хувьдаа анх удаа орон сууц худалдаж авсан тохиолдолд эхний жил орон сууцны хөнгөлөлтөд хамрагдчихаад, хоёр дахь жилдээ цөөн тооны бичиг баримт бүрдүүлдэг.

- Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

- Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг бакалаврын түвшинд, өдрийн ангид суралцаж байгаа тохиолдолд л олгодог. Мөн суралцаж байх хугацаандаа ажил хийж, сургалтын төлбөрөө төлсөн бол хөнгөлөлтөд  хамрагдаж болно. Гэхдээ зөвхөн өдрийн анги гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хэдэн ч хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд танай гэр бүл тайлант хугацаанд нэг, хоёр, гурав хэдэн ч хүүхдийн сургалтын төлбөр төлсөн бүгдээс нь хөнгөлөлт эдлэх боломжтой. Хэдэн ч хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

- Материал хүлээж авах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 15 гэж байсан. Буцаан олголт нь хэзээнээс эхлэх вэ?

- Иргэн тайлагнах эцсийн хугацаа хоёрдугаар сарын 15. Сангийн яамнаас гаргасан журмын дагуу татварын хэлтэс дээр тайлан ирснээс хойш сарын дотор нийслэл рүү шилжүүлж, нийслэл Сангийн яам руу нэгтгэж явуулна. Ингээд эхний ээлжийн буцаан олголт дөрөвдүгээр сард хийгдэнэ.

Энэ жилийн хувьд анхаарах хэрэгтэй нэг зүйл бол тайланг цахимаар авч эхэлж байгаа. 2012 оноос ХХОАТ-ын тайланг цахим хэлбэрээр авах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ сарын 10-н гэхэд цахимаар тайлан авч эхлэх гэж байна.

Тиймээс иргэд та бүхэн  харьяалагдах татварын хэлтсийн нэг цонхны үйлчилгээний байранд очиж цахим системд нэвтрэх код авч e-tax.mta.mn/portal вэб сайтаар холбогдож тайлангаа цахимаар гаргах боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

top