|

С.Одонтуяа: Зорилтот бүлгийнхний байрны урьдчилгааны тодорхой хувийг төр даах боломжийг судалж байна

saikhnaa 2016/01/13 947 0

С.Одонтуяа: Зорилтот бүлгийнхний байрны урьдчилгааны тодорхой хувийг төр даах боломжийг судалж байна

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяатай ипотекийн зээлийн талаар ярилцлаа.

 

-Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдэгдсэн. Одоо байгаа 8 хувийн хүүг 5 хувьд болгох мэдээллийг иргэд нэлээд таатай хүлээж авч байна. Гэхдээ сөрөг хүчин энэ бүхнийг сонгуулийн шоу гэж дүгнэж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

 

-Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрээс болж ипотекийн зээл зогсонги байдалд орчихоод байгааг хүн бүр мэдэж байгаа. Энэ асуудлаас болж УИХ дахь Ардчилсан намын бүлэг ипотекийн зээлийн асуудлыг иргэдээ хохироохгүйгээр хэрхэн шийдэж болох вэ гэдэг гарцыг хайсны үндсэн дээр хэд хэдэн чухал боломжийг олж харсны нэг нь 8 хувьтай зээлийн хүүг 5 хүртэл бууруулж болох байсан юм. Тиймээс л энэ бүхнийг ажил хэрэг болгохын төлөө явж байна. Нөгөөтэйгүүр, мэдээж зээлийг үргэлжлүүлэх олгох асуудлыг ч нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй байна. Ипотекийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар байр авах гэж байгаа иргэдийн ачаалал багасна. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой байхыг шаарддаг банкны шаардлага буурч, дундаж цалинтай өрх ч өөрийн гэсэн орон сууцтай болох боломжтой болно. Тэгэхээр энэ бүхнийг шоу гэж дүгнэж байгаа хүмүүсийн өмнөөс харамсаж, тэднийг өрөвдөж байна.

 

-Гэхдээ зээлийн хүү буурлаа ч гэсэн урьдчилгаа төлбөрийг 10 болгож бууруулах боломжгүй гэж мэдэгдсэн нь сайны хажуугаар саар мэдээ болж байна шүү дээ. Урьдчилгаа 30 хувийн төлбөр төлснөөс 10 хувиа төлөөд байранд орох хүсэлтэй, боломжтой иргэд их байна шүү дээ?

 

-Урьдчилгаа төлбөрийн асуудлыг 10 хувьд хүртэл бууруулах боломж байгаа эсэхийг бид судлаагүй биш судалсан. Энэ бол Ардын намынхны Засгийн газраас тэртэй тэргүй гарна гэдгээ мэдэж хийсэн яриа. Өөрөөр хэлбэл, тэдний яриад байгаачлан жинхэнэ шоу байсан гэх үү дээ. Иргэд 10 хувиа төлөөд Засгийн газраар 20 хувийнхаа баталгааг гаргуулаад, 8 хувийн хүүтэй зээл авна гээд төсөөлөх юм бол 30 хувиа төлөөд 5 хувийн хүүтэй зээл авснаас хамаагүй алдагдалтай гарна. Эхэндээ бага мөнгө төлж байгаа юм шиг санагдах байх л даа. Гэхдээ иргэдийн сар бүр төлөх орлого нь бүр их нэмэгдэнэ шүү дээ. Өнөөдөр тэгээд ч Засгийн газарт иргэдийн байрны урьдчилгааны 20 хувьд банкинд баталгаа гаргаж өгөх боломж байхгүй. Ардын намынхан үүнийг мэдэж байсан болохоор л Засгийн газраас тэртэй тэргүй гарна гэдгээ мэдэж энэ бүх яриаг гаргасан байх. Гэхдээ бид урьдчилгаа төлбөрийн асуудлыг аль болох иргэдэд таатай байх уян хатан нөхцөлийг судалж байна.

 

-Боломж байна уу?

 

-Хүүхэд, гэр бүлийг дэмжих лобби бүлгийг байгуулсан хүний хувьд байрны урьдчилгааны 30 хувийг төлөх боломжгүй олон хүний асуудлыг шийдчих юмсан гэж саналуудыг оруулж байгаа. Энд олон хүүхэдтэй орлогогүй ээжүүд зүй ёсоор орж байгаа. Ийм эхчүүдийг бусад оронд хуулиар дэмждэг. Хүүхэд гаргах тусам нь орон сууцных нь асуудлыг шийддэг жишиг олон улсад бий. Мөн насаараа нийгмийн салбарт ажилласан хүмүүс байна. Нийгмийн салбар бол хамгийн бага цалинтай хэсэг шүү дээ. Энэ бол эх оронч үзэл дээр л оршин тогтдог салбар гэж би боддог юм. Тиймээс энэ салбарт насаараа ажилласан хүмүүст төр өртэй. Тэгэхээр 30 хувийн урьдчилгааг бууруулах асуудлыг хавтгайруулах бус энэ зорилтот хэсэг рүү чиглүүлэх ёстой гэж үзэж байгаа.

 

-Тодруулбал?

 

-Тодруулбал, дээрх хүмүүсийн байрны урьдчилгааны тодорхой хэсгийг төр даана гэсэн үг. Монголын үрсийг олон болгож байгаа эхчүүдээ бид орхигдуулж болохгүй. Монголын нийгмийн салбарт өөрсдийн залуу сайхан насаа зориулчихаад юунд ч гомдоллоогүй хүмүүсийг бид дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, алдарт эхийн II зэргийн одонтой эхчүүдэд 2 оноо, нийгмийн салбарт 20 жил ажилласан хүнд 20 оноо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, анх удаа байр авч байгаа иргэдэд ч оноо өгөх боломжтой. Ингээд цуглуулсан оноотой нь тэнцэх хэмжээний байрны урьчилгааг нь төр даах боломжийг судалж байна. Төр зорилтот бүлгээ дэмжих бодлогоо ипотекийн зээлээр дамжуулж хэрэгжүүлнэ гэсэн үг юм л даа.

 

-Тэгэхээр буцалтгүй тусламж маягаар зорилтот бүлгийн байрны урьчилгааны төлбөрийг төрөөс даах боломжтой гэсэн үг байх нь ээ?

 

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал иргэдийн урьдчилгааны 200 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэх боломжтой гэж хэлсэн. Үүнд нь дээрх иргэдийг хамруулах боломжийг л эрж, хайж байна. Түүнээс биш нийтэд нь хавтгайруулж, урьдчилгаа төлбөрийг бууруулах боломжгүйг хаана, хаанаа ойлгох хэрэгтэй. Энэ онооны системийг ямар ч урамшууллын системтэй холбож болно. Улаанбаатар хотын төвлөрөлт ихэдсэн гээд байгаа энэ үед хөдөө орон нутагт орон сууц худалдаж авбал 5 оноо өгч болно шүү дээ. Нөгөөтэйгүүр, ажлын байрны хомсдол их байхад нэг ажлын байрандаа тогтвортой ажиллаж байгаа хүмүүсийг ч урамшуулж болно. Энэ маягаар асуудлыг шийдээд явах боломж бий.

 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Р.Сарангоо

Санал болгох

Сэтгэгдэл

top