Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд найман хувийн хүүтэй зээлийн журам баталж арилжааны
банкуудаар дамжуулан олгож байгаа билээ. Ингэхдээ орон сууцны талбайн хэмжээг 80 ам метрээс дээшгүй байхаар зааж, Монголбанкнаас гаргасан журмын дагуу 20 хүртэлх жилийн хугацаатай найман хувийн хүүтэй зээлийг олгож байгаа юм. Монголын ипотекийн корпорацаас өгсөн мэдээллээр Засгийн газар болон Монголбанкнаас зээлийн журамд өөрчлөлт оруулжээ.
Шинэчилсэн журмаар найман хувийн зээлээр худалдан авах орон сууц нь шинзэр ашиглалтад орсон байр бол ам метр нь 2.2 сая төгрөг байхаар заажээ. Харин хуучин бол 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байх өөрчлөлтийг оруулсан байна. Ингэснээр найман хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд шинэ журмын дагуу орон сууцаа сонгон арилжааны банкинд хандахаар болж байна. Орон сууцны үнэд хязгаарлалт тогтоож, зээлээ төлөөгүй иргэдийн орон сууцыг худалдан хохирлоо эргэн барагдуулахад тухайн байрны үнэ зах зээлийн ханшид нийцүүлэх зорилгоор ийнхүү журамд өөрчлөлт оруулсан юм байна. Мөн жилийн найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр орон сууцны үнэ 20-30 хувиар нэмэгдсэн тул цаашид үнийг барихад нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзжээ.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/