|

Манкурт боол буюу Мангуурал

tonshuul 2016/01/17 1206 0

Манкурт боол буюу Мангуурал

 



Өнөөдөр Монгол шиг задгай, иргэдийнхээ ухамсар сэтгэхүйг хамгаалалтгүй орхисон улс орон тун цөөн.
Эргэн тойронд дэлхий ертөнцөд хүйтэн дайн эхэлж хажуугаар нь мэдээллийн экспанс, АРДЧИЛАЛ нэрийн доор колоничлол улам бүр голомтлон өргөжиж идэвхжиж байгааг бид анзаарах ёстой.
Эзэн Чингис хаан "Сэтгэлийг эзэмдвээс бие хааш одох” гэж сургасан нь чухамхүү энэ мэдээллийн дайны тухай, хүний мөн чанарын тухай өгүүлсэн хэрэг.
Гадаадын бүх мэдээлэл, суртал нэвтрүүлэг, сурталчилгааг тархиндаа шүүлтүүргүй нэвчээж байгаа Монголчууд дээрээс нь нэмээд дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууддаа гадны хөрөнгө оруулалтыг задгай оруулж байна. Нөгөө талаас хэвлэлийн эрх чөлөөг эрх баригчдаас эрчимтэй хумихын зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд улам бүр олигархжсан, улс төр-санхүүгийн бүлэглэл том компаниудын санхүүжилтэд дулдуйдсан, гадаадын компанийн санхүүжүүжилтээс хараат байдалд орчихоод байна.
Мэдээлэл мэдлэг өгөхөөс илүүтэй нөлөөлөл болсон байна.
Хүн төрөлхтөн түүхэн туршдаа солилцсон бүх мэдээлэлтэй тэнцэхүйц мэдээллийг ердөө сүүлийн таван жилд солилцсон гэсэн тооцоо байна. Мэдээллийн хаалт хориггүй, замбараагүй, буруу нөлөөлөлтэй урсгал Монголчуудыг "Манкурт боол” болгон хувиргажээ.
Манкурт боолыг яаж бий болгодог вэ? Олзны хүний үсийг хусаад дөнгөж алсан хонины ширээр орооход хонины үс дотогшоо ургаж хүний тархийг нэвт торлон хэрдэг гэдэг. Ийм боол эзнийхээ тушаалыг биелүүлдэг, өөрийн ухамсаргүй, хүн биш, амьд бараа болдог.
Яг үүн шиг өнөөгийн Монголчуудын тархи руу үй олон мэдээлэл яг хонины ноос мэт шурган орж, өөрийн бодолгүй, өөрийн үнэт зүйл, үзэл санаагүй Манкуурт боол болгон хувиргаж байна. Тиймээс энэ салбарт хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах.
Харийн шашин сурталчилдаг, цагаан хоол сурталчилдаг, хятадын, солонгосын, америкийн бас хаанах нь тодорхойгүй эзэнтэй олон телевиз хэтэрхий чөлөөтэй, ямарваа хяналтгүй ажиллаж байна. Англи, хятад, герман хэлээр нэвтрүүлгээ явуулдаг олон радио станцууд гаднаас биш бүр дотоодоос нэвтрүүлгээ цацаж байна.
Бүх мэдээллийн хэрэгслийг олон нийтийн болгоё!
Хоёрдугаарт гадаадын мэдээллийн экспанс, суртал нэвтрүүлгээс гадна дотоодын манипуляц, мэдээллийн төөрөгдүүлэлт хийж, бодит бус мэдээлэл дамжуулдаг, хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглож цөөнхийн эрх мэдлээс салгах шаардлагатай болсон байна. Мөнгөтэй л бол дуртай хүн хэвлэл мэдээллийн хэрэгслийг төдийгүй мэдээллийг нь өмчилдөг, олон нийт ямар мэдээлэл авах эрхтэй эрхгүйг шийддэг, сэтгүүлч ямар мэдээллийг яаж олон нийтэд хүргэхийг зааварладаг, өөр өөрийн дураар монгол хүний оюун тархинд шууд халдаж болдог эрх чөлөө нэртэй боолчлолыг халах шаардлага монгол үндэстний өмнө амин тулгарч байна.
Хэвлэлийн салбарыг либералчлах, хэвлэлийн эрх чөлөөг хангах зүй боловч үүгээр халхавчлан гадаад дотоодын дуртай хүн хүсэл зорилгоо олон нийтэд зориуд тулган хүлээлгэсэн.
Мэдээлийн хэрэгслийг олон нийтийн өмч давамгайлсан байдлаар зохион байгуулах хэрэгтэй байна. Гадаадын суртал нэвтрүүлгийн зорилготой мэдээ мэдээллийг хатуу хянах ёстой ч дотооддоо хэвлэлийн эрх чөлөөг өргөжүүлэх, мэдээллийн урсгалыг цөөн эздийн бус олон нийтийн хяналтад шилжүүлэх, ил тод байдлыг хэвлэлээр дамжуулан улам дэлгэрүүлэх нь зүйтэй. "Харийнхан Монголд илүү эрхтэй” гэсэн нэвширсэн ойлголтыг ялангуяа мэдээллийн салбарт хамгийн түрүүнд таслан үгүй болгох ёстой.
Гаднаас мянган мянгаар нь ажилчид оруулж ирээд нэг л мэдэхэд монголчуудыг эзлэх гэж байна гэлцэж байх зуур ямар ч шүүлтүүр цензургүй мэдээлэл ямар ч хаалтгүй орж ирээд та бидний, залуу үеийнхний оюун тархийг хордуулан ховсдон эзэлж байгааг анзаарахгүй байж болохгүй.
Интернэтээс хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан сайтуудыг хаах нь эрх чөлөөг боогдуулан хааж байгаа хэрэг огтоос биш юм. Бидний тархи хогийн сав биш, мэдээлэлд ч бас үндэсний эрх ашгийн шүүлтүүрээр хандая. Арилжааны сувгуудаар залуу үеийн ёс суртахуун, оюун санаанд гаж нөлөө үзүүлэх нэвтрүүлэг гарахаас сэрэмжлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дэргэд олон нийтийн зөвлөл ажиллуулах шаардлагатай болоод байна.
Дахин хэлье. Энэ дайнд цэрэг эр биш хүүхэд, монголын ирээдүй үрэгдэж байна. Монгол үндэстний оюун санаа үрэгдэж байна. Ийм л учраас үндэсний эрх ашгаар засаглах засаглах хэрэгтэй байна.
Хэрэв мэдээллийн энэ дайнд л монгол үндэстний оюун санааг сүйрүүлэлгүй авч үлдэж чадах аваас бид ялах учиртай юм. Давшилт хийж чаддаггүй юмаа гэхэд ухралгүй, хамгаалж ядаж эрүүл тархитай үлдэх ёстой бус уу?
Монголчуудын гал голомт болсон 3 сая монголчуудын оюун санааг энэ дайнд алдах аваас бид Монгол Үндэстнээ, улс орноо алдана!
https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1669807429965227/?type=3&theater
Share

Санал болгох

Сэтгэгдэл

top