Үеийн үед нэг үйлийн лайтай албан тушаал байдаг нь Ерөнхий сайд гэгч. Хэн гуай нь ч байсан огцруулна, огцроод өгөөч гэсэн нэг шаналалтай тулгардаг. Энэ жам Ч.Сайханбилэгийг ч тойрсонгүй.
Түүнийг огцруулах гэнэ. УИХ-ын 19 гишүүний гарын үсгээр түүнийг суудлаас нь авч хаяхаар өнөөдөр өдөржин л "юм” болов. Үнэндээ бол юу ч болоогүй л дээ. Төлөвлөгөө ёсоор бол өглөө 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын унагах эсэхийг ярих байлаа. Үргэлжлүүлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөв. Ер нь бол өнөөдөртөө багтаагаад Ч.Сайханбилэгийг унагах, босгох асуудлыг шуурхайхан, ширүүхэн шийдэх төлөвлөгөө харагдаж байв.
Гэвч манай төрийн хүндэт эрхмүүд нэг ч алхам хийсэнгүй. Төрийн ордноор нэгнийгээ хайж, нөгөөгөө сурагласаар өдрийг барав. Г.Уянга алга болсон л гэнэ, Н.Батцэрэг онгоцноосоо хоцорсон л гэнэ, МАН-ынхан бултсан л гэнэ. Төрийн түшээд биш муур, хулганууд бололтой.
Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг гаргаж, гишүүдийн гарын үсэг цуглуулсан Г.Уянга нь ч ацан шалаанд оров. Түүний харьяалагддаг "Шударга ёс” эвслийн бүлэг Ч.Сайханбилэгийн эсрэг кноп дарахгүй гэж мэдэгдсэнээр Г.Уянга ганцаардаж, Л.Цог, О.Баасанхүү нараар хань татав. Ханьсаад ханьсаад гурвуулахнаа юу чадах билээ. Харин Г.Уянгатай дуу нэгдээд байсан МАН-ынхан хашир, хөгшин чонын зангаар байдлыг ажиглаж буй бололтой, нам гүм. МАН-ынхан огцруулах бичигт гарын үсэг зурсан ч Ч.Сайханбилэгт "хайртай” гэсэн кноп дарж магадгүй гэсэн бор шувуу нисч л явна.
Ингэж төрийн ажлын бүтэн өдрийн төлөвлөгөө нурав. Нэгнээ эрж, хайж сураглаад ч ирцээ бүрдүүлж чадаагүй учраас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаагүй, хойшилсон. Одоо ч хуралдахгүй нь. Чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэхээр мөн л биенээ хүлээж сууна. Өнөөдөр Гацууртын ордоос эхлээд сонгуулийн мандат, тойрог хуваарилах зэргээр 20 гаруй чухал асуудал хэлэлцэх ёстой. Төлөвлөсөн асуудлаа товлосон хугацаандаа хэлэлцэж амжихгүй нь тодорхой болов.
Бүр Ч.Сайханбилэгийн сандал ширээг шийдэх асуудал ч хойш тавигдаж магадгүй болоод байна. Чуулганы завсараар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, огцруулах асуудлыг хэлэлцээд чуулганы хуралдаанд оруулж ирнэ гэж байгаа ч бас хэн нэг нь алга болчихыг үгүйсгэх аргагүй. Угаас итгэх аргагүй нөхөд шүү дээ.
Үнэндээ Ч.Сайханбилэг нь огцорно уу, огцруулна уу, маньд пад алга. Харин муур, хулгана болж тоглоод буй төрийн нэртэй түшээдийг бол зүгээр хараад сууж чадахгүй. Хийж байгаа үйлдэл, хэлж буй үгэндээ эзэн болдоггүй хэсэг бүлгийн тоглоом, тохуурхлаас залхаж байна.
В.Хэрлэн