|

"Сайхан царайтай" Ч.Сайханбилэг санаа сэтгэлийг минь донслуулсаар удлаа

saikhnaa 2016/01/27 595 0

"Царайны сайхнаар цай сүлэхгүй гэж юутай үнэн. Ч.Сайханбилэг сайхан царайтай,сайхан ярьдаг ч санаа сэтгэлийг минь донсолгоод байна" гэж нэгэн сонгогч твийтэр хуудсандаа жиргэжээ. Үнэхээр "за гэвэл ёо" гэдэг шиг амласан л бол хэрэгжүүлдэг төрийн хүний алтан зарчим улам л нимгэрсээр байна.

Өмнө нь төрийн бодлого болон хэрэгжиж байсан сайн ажлыг цааш үргэлжлүүлэн төгөлдөржүүлж, хэрэгжүүлэх нь ч эрх баригчдын үүрэг.

Гэтэл төрийн бодлогын нэг салаа мөчир болон ард түмэнд өгөөжөө өгөөд хэрэгжиж байсан зарим ажлыг хүчээр зогсоогоод "өө яаж байгаа юм бэ" гэнгүүт өрөвдсөн царайгаар эргэж хардаг гаж улстөр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хэлбэржин тогтох шинжтэй болов.

Төсөв мөнгө байхгүй учир ойлгоорой, уучлаарай гэх нь холгүй юм болж, 2016 оны төсөв батлахад Хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай өгөхөөр болсон. Ингэснээр 400 мянган хүүхдэд өгөх 112 тэрбум төгрөгийг төсөвт огт суулгаагүй. Айл өрхийн заримаар нь судлаачид гэх сүржин хүмүүс явж, хөргөгч, зурагтыг нь хүртэл бүртгэж байгаа онигоо гэхэд ч хэцүү явдал болсон билээ.

Гэтэл зөвхөн уг судалгаандаа зургаан тэрбумыг зарцуулсан гэх бөгөөд үлдэгдэл 97 мянган өрхөөс ирж буй гомдлыг барагдуулж, дахин судалгаа хийхийн тулд дахин төсөв хэрэгтэй аж. Энэ бол манай засгийн ажлын наад захын жишээ.

Хамгийн гол нь Хүүхдийн мөнгийг өгөхгүй гэж хоногийн хоолоо яаж залгуулахаа мэдэхгүй байгаа иргэдийн сэтгэл зүйгээр тоголж, бүртгэл хөөцөлдөлгөө гэж баахан чирэгдэл үүсгэчихээд "За за тоголсон юм, одоо бүгдэд өгөхөөр боллоо" гэж хэлсэн эрх баригчдын үгэнд эгдүүцсэн хүн маш олон байна. Ингэж ард түмнээ хуураад байж байдаг эрх баригчид байж таарах уу. Үнэхээр төсөв мөнгөгүй байгаа юу гэвэл мөнгөгүй л байгаа. Үүнд жирийн ард иргэд ямар ч буруугүй. Эрх баригчдын улсаа дампууруулж тоголсон бодлогын алдааны уршгаар ард иргэдийн амьдрал доройтож, хажуугаар нь сэтгэл санаагаараа хүртэл тоглуулж байна.Зөвхөн хүүхдийн мөнгөөр ч ард иргэдээ хуурсангүй.

Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа нар гадаад зах зээлд нэг тэрбум ам.долларын мах гаргана гэж малчдад амласан. Хэлсэн үгэнд нь итгэсэн малчид малаа олноор нядалж, хот руу оруулж ирсэн ч махны үнэ урьд өмнө байгаагүйгээр унав. Мэдээж нийслэлчүүд хямралын үед хямд мах идэж байгаадаа баяртай байгаа ч мах, түүхий эдийнх нь үнэ унасан малчид хямралд жинхэнэ нэрвэгдэж байна.

Уг нь эрх мэдэлтнүүд хэлсэндээ хүрээд тэрбум ам.долларын махаа гаргачихсан бол малчид тэгтлээ ядрахгүй л байв. Малчдыг хуурсан эрх баригчид хөдөөгөөс санал авахгүйгээ мэдэж, УИХ-ын гишүүний мандатыг нь булаах гэж байгаад хөдөөгийнхөн бүр ч их бухимдаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард иргэдийг дахиад л хуурч, араас нь ам алдаад одоо хэр хэрэгжүүлж чадахгүй байгаа бас нэг том асуудал бол ипотекийн зээлийн хүүгийн асуудал. Аль Сү.Батболдын Засгийн газрын үед зургаан хувь болгосон байсан ипотекийн зээлийн хүүг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед найман хувь болгоод хэрэгжүүлж байв. Хүссэн бүхэн зээлд хамрагдах боломжгүй ч ямар ч байсан төрийн бодлогын салшгүй нэг хэсэг болоод хэрэгжиж л байсан. Гэтэл мөнөөх найман хувийн хүүг зогсоочихов.

Зээлтэй болон зээл авахаар хөөцөлдөж байсан хүмүүс сандарч, "яав ийв" болтол "Хүүг таван хувь болголоо" хэмээн шоудав. Шоугаа ч ажил хэрэг болгож, таван хувийн хүүтэй зээлийн бүх шийдвэр гарсан. Гэтэл ирэх хавраас л бодитоор хэрэгжиж магадгүй тухай Монголбанкны ерөнхийлөгч Золжаргал ярьжээ.

Эндээс харвал бага хүүтэй байрны зээлээр ард иргэдээ давхар давхар хуурсан хэрэг болоод байна.

Үнэхээр л "сайхан царайтай" Сайханбилэг санаа сэтгэлийг минь донслуулсаар удлаа даа.

Эх сурвалж: Gereg.mn Г.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

top