Монгол Улсын Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 82 дугаар тогтоолоор жилийн зургаан хувийн хүүтэй "100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг баталж байв. Энэ бол 2012 оны сонгуулийн жил буюу сонгууль болохоос хэдхэн сарын өмнө баталсан хөтөлбөр байлаа.
Тус хөтөлбөрийн зээлийн шаардлага нь тун энгийн. Орон сууцтай болох гэж мөрөөдсөн өрхүүд, залуу гэр бүлүүдэд тавигдах шаардлага боломжийн, хүү бага гэдгээрээ онцлог байв. Жилийн зургаан хувийн хүүтэй "100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт тусгаснаар бараг гэр хорооллын ихэнх өрхүүдийг орон сууцжуулах, өөрөөр хэлбэл өмнө нь байр худалдан авч байгаагүй, орон сууцанд амьдарч байгаагүй бага, дунд орлоготой өрхүүд хамрагдахаар тусгасан байдаг.
Мөн худалдан авах орон сууц нь "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан, 55 метр кв-аас ихгүй талбайтай байх бөгөөд зээлийн хугацаа нь 15-20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй тусгайлсан журам байв. Энэ нь барилагын компаниудад ч таатай боломж бүрдсэн.
Хөтөлбөр батлагдах сургаар л өрхүүдийн дунд хүлээлт үүсч эхэлсэн. Иргэдийн материалыг ТОСК хүлээн авч банкуудад дамжуулснаар зээл олгогдох эсэх нь шийдэгдэнэ. Тэрээр хүлээлт үүсгэж байсан хөтөлбөр батлагдмагц ТОСК иргэдийн хөлд дарагдаж ёстой л бужигнаан болж байв.
Улмаар ТОСК-д 6000 гаруй иргэд хандаж 4000 орчим өрх материалаа бүрдүүлж өгсөн гэдэг. Мөн тус хөтөлбөрт 300 орчим барилгын компани хамрагдахаар хүсэлтээ гаргаж байж. Тэдгээрийн дотор өөрсдөө хөрөнгөө гаргаж, өөрт байгаа газраа ашиглаж барилга баръя гэсэн 64 компани байсан гэдэг.
"100 мянган айлын орон сууц” ийм л бужигнаан үүсгэж байв. Харамсалтай нь 4000 гаруй өрх материалаа бүрдүүлж өгснөөс 400 гаруйхан айлын зээл шийдэгдэж, орон сууцтай болсон гэдэг. Харин үлдсэн өрхүүд цаг зав, мөнгө төгрөгөөрөө хохирч үлдсэн.
Учир нь барилгын компанитай гэрээ байгуулж урьдчилгаагаа төлсөн зарим иргэд зээл нь шийдэгдээгүйн улмаас хийсэн гэрээ нь цуцлагдаж, урьдчилгаагаа буцаан авахдаа байрны борлуулалт удаашруулсан гэх үндэслэлээр 10 хувийн шимтгэл суутгуулж байсан.
Тэд гомдол гаргаж, хоёр ч удаа жагсаал хийж байсан боловч засгийн газраас доривтой хариу өгөлгүй байсаар асуудал тэгсгээд намжсан юм. Энэ бол 2012 оны сонгуулийн шоу болж хувирсан билээ.
Харин одоо 2016 оны зургадугаар сард орон даяар сонгууль өрнөнө. Сонгуулийн болохоос наана буюу шинэ он гармагц засгийн газраас бас нэгэн иргэдийг баярлуулах сайхан мэдээ яригдаж эхлэв. Энэ нь орон сууцны найман хувийн зээлийг 5 болгох хөтөлбөр юм.
Энэ асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж байгаа. Ийм болгохоо ч УИХ-ын дарга З.Энхболд амласан. Харин өнөөдөр орон сууцны зээлийн хүүг 5 болгох төслийг өргөн барих юм. Учир нь УИХ-ын дарга хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ төслийг энэ долоо хоногт багтаан Их хуралд өргөн барина гэж байсан.
Ипотекийн зээлийн өсөлт жил ирэх бүр нэмэгдсээр ирсэн. Гэтэл банкууд найман хувийн зээлээ зогсоосноос болж байранд орохоор төлөвлөж байсан нь гацаанд ороод буй.
Орон сууцны зээлийн хүүг 5 болгохыг олонхи дэмжвэл, шинээр байранд орох хүсэлтэй иргэд байртай болж, найман хувийн зээлд хамрагдагсад 5 хувь руу орох боломж бүрдэх юм.
Мөн найман хувийн хүүтэй орон сууц худалдан авсан иргэдийн нуруун дээрээс томоохон ачаа хөнгөрөнө.
Гэхдээ энэ нь иргэдийн дунд хүлээлт хийгээд эргэлзээг төрүүлж байна. Учир нь засгийн газраар эцэслэн шийдэгдэхгүй байсаар цаг хугацааг хожиж сонгуультай давхцуулах вий.
Мөн 2012 оны сонгуулийн жилээр хэрэгжүүлсэн "100 мянган айлын орон сууц” хөтөлбөр шиг шоу болох вий гэх хардлага байна.
Эх сурвалж: Bolod.mn