|

Ч.Сайханбилэг: Малчны зээлийн хүүг бууруулах ажлыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлнэ

saikhnaa 2016/01/28 816 0

Ч.Сайханбилэг: Малчны зээлийн хүүг бууруулах ажлыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлнэ

 

"Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулганы хаалтын ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож үг хэллээ. Тэрээр Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан ажлуудын биелэлтийн талаар танилцуулсан юм. "Өнгөрсөн 3 жилийн хугацаанд урд нь баригдаж байсан замын бүтээн байгуулалтын ажлаас 8 дахин ихийг хийж, 7 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холболоо. Баруун 5 аймаг хүрэх замын ажил энэ хавар үргэлжилнэ. Улаанбаатар хотод "Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан. Цаашид аймгийн төвүүдэд ийм үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн аймгуудад оношилгооны төв байгуулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 26 тэрбум төгрөг зарцуулсан. "Чингис” бондоос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая, хүлэмжийн аж ахуй байгуулахад 17.4 сая, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45.0 сая, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлийн дэмжлэг үзүүлсэн гэв.

Сүүлийн 3 жилд аймгуудад "Орон нутгийн хөгжлийн сан” байгуулан ажиллуулж байгаа нь орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байна.  Сум, дүүрэгт үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхээр Сумын хөгжлийн санд сүүлийн 3 жилийн хугацаанд аймгуудад 392.2, нийслэлд 75.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгосноос гадна жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн шугамаар жил бүр 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 500 сая төгрөг хуваарилан олгож байна гээд эдгээр сангийн зарцуулалтад иргэдийн хяналт чухал болохыг онцоллоо.  

2014 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 21 аймагт ажиллаж, 1286 багийн Засаг дарга нартай уулзан, Багийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох үзэл баримтлалын төсөл боловсруулсан. "Баг-Иргэний засаг захиргаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний саналыг авсан.Багийн Засаг дарга нарын хувьд  тулгамдсан асуудал нь баг төсөвгүй, мөнгөний мэдэлгүй байна гэсэн учраас цаашид Сумын хөгжлийн санг ажиллуулсан туршлага дээр тулгуурлан багт өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой Багийн хөгжлийн санг бий болгоно. Өнөөдрийн байдлаар хуримтлал үүсгэж, хөгжлийн сан байгуулсан 265 баг байгаа бол Монгол Улсын бүх баг, хороонд ийм сан байгуулж, анхны үйл ажиллагаа явуулах хөрөнгийг шийдэн 900 сая гаруй төгрөг буюу баг бүрт 500 мянган төгрөг хуваарилна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Тэрээр баг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, зөв зарцуулбал цаашид улсын төсвөөс жил бүр тодорхой хэмжээний санхүүжилт олгох зохицуулалтыг хийх боломжтойг тодотгосон юм.

Цаашид хэрэгжүүлэх ажлын хувьд БНХАУ болон БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аймаг, орон нутаг руу чиглэсэн томоохон ажлуудыг хийх бөгөөд 12 аймагт мах боловсруулах үйлдвэр байгуулах, 10 аймагт дулааны станц барих ажлыг энэ онд эхлүүлнэ гэв. Бензин шатахууны үнийг орон нутгуудад нийслэл хотынхтой ойролцоо үнэтэй болгох ажлыг үргэлжлүүлж, цагаан сараас гэхэд 21 аймагт борлуулж байгаа түлш, шатахууны үнэ ижил тарифаар борлуулагдана. Мөн улс орон даяар интернэтийн нэг үнийн тариф хэрэглэх боломжийг бүрдүүлж, орон нутагт интернэтийн үнийг бууруулах ажлыг зохион байгуулна гэж хэллээ.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар улсын сайн малчдыг тодруулна. Малчны зээлийн жилийн хүү 30 хувь байгааг бууруулж, 10 хувь болгохоор ажиллаж байна. Энэ ажлыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлж эхэлнэ гэлээ.  

Өвөлжилт хүндэрч, зудтай, зудархуу байгаа аймаг, сумдын тоо нэмэгдэж байгаа учраас Засгийн газраас малчдад улсын нөөцөөс 6565 тонн өвс үнэгүй олгож, хүн эмнэлгийн болон сумын албан хэрэгцээнд зориулан 28 автомашин хуваариллаа. Малчдад шаардлагатай хүн хүч, өвс тэжээл болон бусад дэмжлэг туслалцааг Засгийн газар, аймгийн удирдлагуудтайгаа хамтран цаг алдалгүй хүргэх, зохион байгуулах ажилд иргэдийн оролцоог ханган тэдний дуу хоолойг шийдвэртээ тусгах, иргэдийн санал хүсэлт дээр үндэслэн хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж ажиллахыг багийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн баг, хорооны Хөгжлийн сан байгуулан, Засгийн газраас олгож байгаа санхүүжилтийг хэрхэн үр ашигтай зарцуулахаас хамаарч дараагийн шийдвэр гарах учраас зарцуулалтад анхаарч ажиллахыг санууллаа. 

Санал болгох

Сэтгэгдэл

top