"Г.Шийлэгдамбын захиа хуурамч байх. Хэрэв өөрийнх нь байвал маш их сэтгэл санааны дарамтад орсон байж болзошгүй Зарим үг хэллэг нь түүний хэрэглэх үг биш байсан. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” хэмээн Н.Энхбаяр онцоллоо. Харин Г.Шийлэгдамба нь захидалдаа "эхний захидал бол миний үг биш ...утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас албан зориуд бэлтгэгдэж ирсэн бланкан дээр анзааргагүй зурсан...” гэсэн утгатай зүйлийг бичээд байна.
Нэгэнт энэ захидал олны анхааралд орсон тул эхний үгүйсгэгдээд байгаа захидлыг сэргээн харлаа. Дашрамд хэлэхэд, тухайн үедээ энэ захидал бараг бүх сайт сониноор гарч байсан бол өчигдөр "гүүгэл”-дэж үзэхэд эхээрээ байтугай иш татсанаараа гарахгүй байгаа нь сонин.
Ингээд ганц илэрцээр олдсон /http://itoim.mn/index.php/site/news/2701/ эх сурвалжаар нь захидлыг товч сэргээн санацгаая.
"...АТГ-ын байцаагчид надад эрүүгийн хуулийн тусгай ангиар хэрэг үүсгэж намайг бусдаас ихээхэн хэмжээний мөнгө авсан хэрэг тулгаж байцаасан. Тухайн үед миний олон жилийн найз хувийн зорилгоор надад зээлсэн мөнгийг би өрөөндөө хадгалж байсан. ...Төрийн эрх мэдэл албан тушаалаа ашиглаж энэ мөнгийг олоогүй учраас би АТГ-ын байцаагчид үзүүлсэн. ...Ер нь Монгол улсын сайд хүн өрөөндөө их мөнгө хадгалж байсан нь нийгмийн зарим хэсэгт хардлага төрүүлж байна. Энэ нь төрд итгэх ард түмний итгэлийг бууруулах, Засгийн газрын тогтворгүй байдлыг үүсгэж мэдэх учир би өөрийн хүсэлтээр Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү ...Энэ хэрэг МУ-ын шүүхээр цагаадна гэдэгт би итгэлтэй байгаа...” гэсэн байдаг.
Энд "гэсэн байдаг” гэж хэлэх бас хэцүү болов. Учир нь энэ захиа одоо үгүйсгэгдээд байгаа. Мөн энэ захидалд салбарын сайд хүн яамаа бүтэн зөв нэрлээгүй бичжээ гэмээр. Буулгахдаа алдсан ч байж болно. Энэ чухал биш. Харин 2 сарын дараа энэ захиаг 180 гэдгээр эргүүлсэн бас нэг захидал гараад ирлээ. Эхний захидлын утга эрс эргэжээ.
"...МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсч байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно. ...Миний бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсч авсан мөнгөний 50.000 долларыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120.000 долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан юм. Эцэст нь уг асуудал шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад журмын зарим нөхөд маань бодит үнэнийг илт гуйвуулан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна” гэжээ.
Эхлээд яагаад зөрүүтэй захиа бичсэн тухайд "...Шадар сайд Ц.Оюунбаатарын тавьж байсан шаардлагын дагуу зориуд бичигдэн бэлтгэгдэж ирсэн бланкан дээр гарын үсэг зурахдаа утга агуулгыг нь ухаж ойлгох хугацаа байгаагүйн улмаас холбогдох мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай дурьдагдсаныг анзаараагүй юм...” гэж тайлбарлажээ.
Үнэхээр тэр үед нөхцөл байдал МАХН, тэр дундаа Н.Энхбаяр даргатай холбогдох болоход Ц.Оюунбаатар шадар сайд зорин очиж бэлтгэсэн захиан дээр яаралтай мутрыг нь авсан уу. Нэр орсон хойно төрийн сайд өөрөө хариуцлагатай хариулах байх.
Мөн үүнтэй адил Г.Шийдэгдамба хоёр дахь захидлыг өөрөө буулгаагүй ба хэн нэгэн шахаж байгаад бичүүлсэн үү. Тийм бол хоёр дахь захидалд мөнгийг өгөх хүн нь Н.Энхбаяр байсан гэж нэрлэснээр өөрийнх нь хэргийн нөхцөлд байдал хөнгөрөх үү. Ийм улс төрийн үнэртэй захиа тун осолтой гэдгийг тэр мэдэх ёстой. Энэ захидлаас улбаалан Н.Энхбаяр дарга дээр нь ээлжит нэгэн хэрэг үүсгэх нөхцөл үүсч болно. Твийтэрээр "за ингээд бүлэг хэрэг боллоо” гэсэн бэлэн жиргээнүүд яваад эхэлж байна.
Хэрвээ намдаа зориулж зээлсэн энэ мөнгөний ард ямар нэг хэмжээний хариу барих байх. Энэ нь өөрийнх нь албан тушаал эрх мэдэл, атгаж байсан төрийн тамгатай нь холбогдож байгаа бол хэрэг зөөлрөхгүй. Жишгээ баривал хүн хувьдаа зээлсэн мөнгөө намдаа өгнө үү, ханьдаа өгнө үү. Хүний хувийн л асуудал байж таарна. Үүнийгээ мэдүүлээд сууж байх хүн яагаад намын даргаа нэр цохон "хань” татах болов.
МАХН улсын бүртгэлтэй нам. Бараг 100 хувийн боломжгүй болгоод байхад зуурч үлдсэн "Х” үсэгтэй нам. Хуурамч нам байгуулаад хүнээс мөнгө зээлсэн бол өөр болно. Ийм зүйлийг хэрэг төвөгт орж дарамтад байгаа хүн сэхээрэхгүй байхад өмгөөлөгч нь хэлээд өмнөөс нь дуугармаар. Намынхаа даргадаа мөнгийг дамжуулсан гэснээр бага ч атугай бодитой байсан улс төрийн өмгөөллөө алдаж байна. Гэхдээ энэ захидалд бичсэн учир тайлбар түүний хувьд хөнгөн ял зэмтэй үлдэх нэг боломж болж чадах уу. 120 мянган долларыг өөртөө ч аваагүй, албан тушаалаа ч ашиглаагүй. Тэгээд яагаад төрийн сайд хүн гэнэт ийм их мөнгийг зээлэх болсон юм. Бүр өрөөндөө хадгалаад байдаг. Бусдын шахалтаар зээлсэн болж. Ер нь бол хоёр иргэн тохиролцож мөнгө зээлж, зээлдүүлж. Гэхдээ хоёр дахь захидлын агуулгаар энэ хэрэг Н.Энхбаяр гэж улстөрчид сайн нялагдлаа.
Г.Шийлэгдамба сайдыг баривчилсны дараа АТГ-аас түүнийг багагүй хугацаанд мөрдөж, нямбай гүйцэтгэх ажиллагаа явуулж байж нотлох баримттай "гардсан” гэж олон нийт ойлгосон. Тийм бол эхний зээлдэлтээр авсан 50.000 ам.долларыг хоёрхон хоногийн өмнө намын даргадаа өгсөн нь хуулийнхны хараанаас өнгөрөх ёсгүй. Гогцоо болсон энэ асуултын хариултыг цаг нь ирэхээр хуулийнхан олон нийтэд дэлгэж ч магад.
Эхний захидлынх нь зорилго маш тодорхой. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн. Хоёр дахь захидлын зорилго нь үнэнийг өчсөн мэт боловч олон нийтэд үүнийгээ хэлэх ямар шаардлага байсан бэ. Эхний захидалд бичсэнээрээ "Шүүхээр цагаадна” гэсэн итгэлээрээ тэндээ мэдүүлээд дараа нь ярьж болох байсан. Энэ мэт олон "Яагаад” гэдэг асуултыг энэ захидал нь чирээд ирлээ.
Сүүлийн үед бичигдэж байгаа ил захидлууд бүгд л ил санаа зорилготой байгаа. Ерөнхий сайдын аавд бичсэн Г.Уянга гишүүний уул усны тухай уянгалаг захидал, АНУ-ын иргэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн Ч.Ганбатын захидал гээд. Харин Г.Шийлэгдамбын удаах захидал цаг хугацааны хувьд болоод зорилго нь ойлгомжгүй байгаа юм. Хэрэг төвөгт орж зүдэрч яваа хувь хүнд нь ямар ч нөхцөл үүссэн байж болно. Хөндлөнгийн бид таахаас цаашгүй мухар булан цаана нь байгаа биз ээ.
Захидал сайтуудаар нийтлэгдсэн орой намын дарга нь телевизийн шууд нэвтрүүлэгт орж түүний бичсэнийг үгүйсгэсэн. "Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” гэж Н.Энхбаяр дарга нь мэдэгдлээ.
Олон нийт одоо тэгээд энэ захидлын юуг нь шүүх ёстой юм бол. Н.Энхбаяр гэж улстөрчийг л шүүх ёстой болчихов уу.
П.Баяр