|

Их өрийг энэ сарын 27-ны дотор төлөх ёстой

saikhnaa 2016/02/02 846 0

ОХУ-д төлөх Монголын өрийг Оросын Төрийн Думаас авч хэлэлцэн, нийт өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг хүчингүй болгож, харин Монголын Засгийн газраас 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор шилжүүлэхээр болсон. Хоёр улсын хооронд  их өрийг тэглэх асуудлаар гэрээг шинэчлэн байгуулах ажил 2010 оноос хойш өрнөж, саяхан МАН-ын дарга М.Энхболдыг  ОХУ-д айлчлах үеэр эцсийн байдлаар шийдэгдсэн нь энэ юм. 

Ингэснээр манай улс хоёрдугаар сарын 27-ны өдрөөс өмнө ОХУ-д 3.8 сая ам.доллар төлөх гэрээний үүрэг хүлээсэн гэсэн үг. Уг хугацаанд  3.8 сая ам.долларын төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд 174.2 сая ам.доллар төлөх  гэрээний заалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, манай улс гэрээгээр төлөх ёстой байсан 174.2 сая ам.долларыг 3.8 болготол тодорхой хугацаа буулгаж чадсан. 

Төсвийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед монгол мөнгөөр 7 тэрбум орчим төгрөг шуудхан гарчих боломжгүй хэдий ч засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, ойрын хугацаанд төлөх асуудлыг ярилцаж байгаа аж. 

Дашрамд сонирхуулахад, их өрийг тэглэж, маш бага мөнгөөр төлөлт хийгдсэн мэдээллийг ОХУ-ын иргэд янз бүрээр хүлээж авсан байдаг. Тодруулбал, Оросын Төрийн Думын гаргасан  Думын бие даагч гишүүн Дмитрий Гудков уг шийдвэрийг эсэргүүцэж, "Улс эх оронд маш хортой хуулийн төслийг баталлаа. Монголын өрийг хүчингүй болгох хуулийн төсөл. Оросууд өргөн уудам сэтгэлтэй л гэнэ. Энэ өргөн сэтгэлийг нь нарийсгамаар санагдаад байх юм. 174.2 сая ам.доллар үхэр долоосон юм шиг л алга боллоо. Та биднээс хүн бүрээс 100 рубль авчихлаа гэж тооц. Улс орны хувьд бага мөнгө байж болох ч ард иргэдийн хувьд багагүй мөнгө” хэмээн олон нийтийн сүлжээндээ бичсэн нь бий. 

Харин түүний поостын дор, "Монголд тусалснаас өөрсдийн тэтгэврийн хөгшчүүлдээ туслахсан”, "Төсөв хоёр их наяд рублиэр тасраад байхад Монголын 15 тэрбум рублийн өрийг хүчингүй болгох гэж үү”, "Монгол сайхан орон. Тэдний төлөө хэдэн доллар зарлагадахад харамсахгүй байна. Бидэнд сайн анд нөхөр хэрэгтэй”, "Монгол яагаад Украинаас илүү вэ гэдгийг би сайн ойлгож байна. Тэнд манай ЭСЯ-руу дайрч довтолдоггүй. Тэнд фашист уриа лоозан хашгиран, оросуудыг ална гэж заналхийлдэггүй”, "Тэд чинь Чингис хааны үр сад шүү дээ. Эрхлүүлэхгүй бол болохгүй”, "Хятадууд Сибирийг эзлэх гээд дайрах үед л та нар Монгол ямар чухал болохыг ойлгоно доо” зэрэг сэтгэгдлүүд бичигдсэн нь олны анхаарлыг татсан юм. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top