|

НАМУУД СҮГ болжээ

tonshuul 2016/02/05 357 0

НАМУУД СҮГ болжээ

 



Монголд хэрэгжиж буй нийгэм, эдийн засгийн бодлогыг машинтай зүйрлэ гэвэл либераль мотортой, социалист хроптой, үндэсний консерватив тэнхлэгтэй, анархист маягийн гэрэл дохиотой, нацист маягийн шаврын хаалттай, нуль улаан популист нөхөөсөөр зайгүй шахуу дамбайлгасан дугуйтай, ийм л хог новшин дундаас элбүүлж, дэмнүүлж байгаад босгоод ирсэн мэт хачирхалтай өвөрмөц монгол маягийн,загварын капитал машин гэнэ. Дээр нь жолоочоо байн байн солино, ядаж байхад тэд нь ихэнхдээ халамцуу голдуу жолооны ард сууна. Бас хөөрхөн хөөргөн гэдэг нь. "Урагшаа, гишгээд байна аа, одоохон түүгээр давхиад, тийшээ сүнгэнээд оччихно" гэх мэтээр гоё хошгоруулна. Машиныхаа занг мэдэхгүйгээс жолоочийн мунгинах нь олон, тэгээд яах вэ гэж ийш тийш тусламж эрэн өрөвдөлтэй бүлтэлзэнэ. Эргэж хараад зорчигч бидэндээ гоё гоё юм ярин бүлтэрч тайвшруулна. Гадаад зөвлөх механикууд уриалгахан зөвлөх боловч, монгол маягийн машины онцлогыг мэдэхгүйгээс, өөрөөр хэлбэл социалист хроптой гэх мэтийг мэдэхгүйгээс либерал тос өгөөд хийлгэчихнэ. Эсвэл огт өөр онош тавьчихна, зориуд ч тэгэж байж магад, сэжигтэй байгаа. Ингээд машин нь таг явахаа байж, учрыг нь олохуйяа бэрх юм болно. Бидний нөхцөл байдал нэг иймэрхүү.
Ийм унаа хөлөглөөд хол явахгүй ээ. Олигтой урагшлахгүй байгаагаа ч бид харж, мэдэж, мэдэрцгээж байна. Ижил гараанаас хөдөлсөн ихэнх улс орнууд хажуугаар сүнгэнээд, дүнгэнүүлээд өнгөрчихөв. Манайх шиг араа нь гацаж, мотор нь цохисон, үе үе дугуй нь буудчихдаг унаатай Дундаж Азийн, мөн угаасаа унаагүй ч байж мэдэх Африкийн зарим орныг, бас зарим нэгэн аваргуудын замд тээглэж мэдэх ганц нэг орны машиныг өнөөх аваргууд зориуд эвдэж орхисныг эс тооцвол...

Бидэнтэй ойролцоо түвшинд байсан Казах бүс нутагтаа тэргүүлэх болов. Вьетнам ч мөн адил. 25 жилийн өмнө хөгжлөөрөө биднээс нэг их ялгарах зүйлгүй явсан Хятад бүр талийж одоод, дээд эрэмбийн тэмцээнд ч магнайлах болов. Гучхан жилийн өмнө хоосон элсэн цөл байсан Арабын Эмират, Кувейт, Саудын Арав, дотоодын хямралаасаа сүйрчихээд байсан өмнөд Солонгос гэх мэт олон улс орны жишээг харж байна. Бид л дороо овогноод үлдэж байна. Ингэхэд бид яагаад ийм төрх байдалтай байна вэ? Олон учир шалтгаантай ч, үндэс суурь улс төрийн намууд, түүний төлөвшил бэхжилт юм. Манай улс төрийн парламентад тогтолцоо нь улс төрийн намуудаас шууд хамааралтай тогтолцоо болно. Улс төрийн намууд дампуурах аваас тэр тогтолцоо нь дампуурч, дагуулаад нийгмээ чирчихэж байна. Ард түмэн бид улс төрийн намуудыг төлөвшиж, цэвэршиж, эрийн цээнд хүрэхийг нь харсаар 25 жил буюу нэгэн үеэ элээв. Гэвч үлгэрт гардаг шиг л намууд маань эрийн цээнд хүрэхээсээ өмнө "өлгийдөө өтөлж, өвгөрч” орхилоо. Өнөөдөр монголд сонгодог утгаараа улс төрийн нам гэж байхгүй болсон. Ялангуяа төрийн эрх барилцаж буй АН, МАН, МАХН, ИЗБНН, МҮАН- зэрэг намуудыг үнэт зүйлтэй, үзэл санаатай, тэр үзэл санаагаа хэрэгжүүлэх бүрэн цогц төлөвлөгөөтэй, энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадах боловсон хүчин, суурь бүтэцтэй гэж хэлэхэд хэцүү болсон. Нам нэрнээс цаашгүй болжээ. Нэрнээс цаашгүй болохыг СҮГ болсон гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл манай улс төрийн намууд маань НАМ нэртэй СҮГ болсон байна.
Б.НОМИНЧИМЭД / НИЙТЛЭЛЧ /

Санал болгох

Сэтгэгдэл

top