|

'Монголчууд маргааш идэх хоолгүй хэрнээ шаналж ч харагдахгүй, ажиллаж ч харагдахгүй'

tonshuul 2016/02/05 706 0

'Монголчууд маргааш идэх хоолгүй хэрнээ шаналж ч харагдахгүй, ажиллаж ч харагдахгүй'

 



Global Manager сэтгүүлд гадаадад ажиллаж, амьдарч байгаа бизнесмэнүүдээс тухайн улс орон, хотын амьдрал, хүн зоны тухай нийтлэл бичиж, цаашид ажиллаж амьдрах хүмүүст мэдээлэл өгдөг. Тус сэтгүүлд гарсан монгол орон, монгол хүмүүсийн тухай нийтлэлээс хэсэгчлэн хүргэе.

Монголд хамгийн анх ирж байснаас хойш 10 жилөнгөрчээ. Суурин амьдраад жил орчим болсон одооноос эргээд бодоход "Монголыг би огт мэддэггүй” байж. Аяллаар ирээд харах Монгол, амьдраад дунд нь хутгалдах Монгол хоёр шал өөр. Нүүдэлчин соёл, тал нутаг, унаган байгальд цайлган, дулаан сэтгэлтэй зон олон амьдран суудаг гэсэн өөрийн толгойд дураараа зураглаж явсан төсөөлөл минь хэдийн өөрчлөгджээ.

Монгол хүний эго их хүчтэй, өөрийгөө хамгаалах, зөвтгөх дуртай, хүний оронд өөрийгөө тавьж аливааг харах дадал байхгүй. Социализмаас үлдсэн юм уу, нүүдэлчдийн араншин юм уу, ажил дээрээ ч асар хайнга, хамаг юмыг "маргааш, маргааш” гэж хойш тавина. Ерөнхийдөө хувь хүн, индивидуалистууд тул багаар ажиллах, гар нийлэхдээ муу. Би ч өөрөө хайнгадуу хүн, ажил яая гэхэд хаа сайгүй үргэлж эго, би, хувиа бодож тулгаад байхаар хааяа бүр шантармаар болно. Энд хэн өөрийгөө хамгаална, хэн маргана, тэрний ялалт байдаг.

Хүнийг сэтгэлээр унагах, гутаах үг хээв нэг хэлэх тул нөгөө талаа ойлгохгүй байх, бүүр шалдаа буутал сэтгэлээр унах явдал ч зөндөө гарна. "Огцом уурлахгүй байх, бухимдахгүй байх, юу ч тохиолдсон гайхахгүй байх” ийм дүрэм сахь гэж өөртөө байнга хэлдэг. Нөгөөтэйгүүр "яагаад ингэтлээ намайг бодно вэ” гэж гайхмаар ямар ч болзол нөхцөлгүй туслах, гэр бүл шиг, хамаатан садан шиг хүмүүс ч бас байх агаад би ганц өөрийн хүчээр амьдраагүй, бусдын тус дэм намайг амьдруулж явааг мэдрэх үе ч гарна.

Улаанбаатар хот. Нэг харахад жигтэйхэн хөгжиж буй мэт ч амьдраад үйлдвэрлэгчид, найз нөхдийнхөө амьдралыг хараад байхаар инфляцийн ачаалалд дарагдаж амьдарч байгаа нь, амаргүй байгаа нь мэдэгдэнэ. Гэхдээ нэг сонирхолтой, монгол хүний онцлог гэхээр тал нь ийм байсан ч нэг их асуудал гэж хардаггүй бололтой. "Тэгж байгаад болно доо” гэж бодож явдаг улс шиг санагдана. Үнэхээр ч монгол хүмүүст хадгаламж хийнэ гэсэн ойлголт ч нэг их алга. Маргааш идэх хоол байхгүй юм шиг хэрнээ нэг их шаналж байгаа нь ч харагдахгүй, хөлсөө гоожуулаад ажиллаж байгаа ч харагдахгүй. Ийм нэг алмай нүүдэлчдийн гэмээр зан чанарт нэг талаар бухимдмаар боловч нөгөө талаар "яаж ийгээд болно доо” гэх маягийн ийм сэтгэлгээнд нь хамгийн дуртай байж ч магадгүй. Ер нь л сонин, гайхмаар үндэстэн.
трэнд.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top