|

Х.Тэргэл: Онгод байдаг, тэр нь амьтайд би итгэдэг

namuunaa 2015/08/13 1153 0

Нэгэн цагт Монголын яруу найргийн ертөнцөд Г.Мөнхцэцэг, Х.Тэргэл, Б.Ичинхорлоо гэсэн найрагч бүсгүйчүүд хүч түрэн орж ирж "Болор цом”-ыг өнгөлж байсан. Тэдний нэг болох Х.Тэргэл найман жил Америкт ажиллаж, амьдарч байгаад өчигдөр эх орондоо ирлээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Эх орондоо ирлээ. Нэлээд орой газардав уу?

-Шөнийн 01 цагт ирсэн. Намайг онгоцноос буухад бороо орж, чийг үнэртээд сэтгэлд сайхан мэдрэмж үлдээлээ. Хэдийгээр Америкт бороо ордог ч тийм дотно, сэтгэлд ойр үнэртдэггүйг өчигдөр анзаарлаа. Харин өглөө босоод цонхоо нээтэл моддын анхилам үнэр угтсан. Эх орноос минь илүү сайхан байгаль, ийм тансаг үнэртэй газар хаана ч байхгүй.

-Эх орон ямар үнэтэйг та энэ үед л мэдэрсэн байх. Найман жил гэдэг бага хугацаа биш?

-Би найман жил хүний нутагт одод ийм үзэсгэлэнтэй гялтганахыг хараагүй. Хэдийгээр ээж, аав минь энд амьдардаггүй, бурхны оронд одсон ч сэтгэл зүрхнээс таслаад авч болдоггүй дуудлага эх орон байдаг юм байна. Би эх орон, ээж аавын тухай шүлэг төдийлөн бичдэггүй байлаа. Учир нь бүх найрагч үзэглэчихсэн болохоор надад зай байхгүй юм шиг санагддаг байсан. Харин харийн оронд амьдрахаар өөрийн эрхгүй бодож, бичмээр санагддаг юм билээ. Яг одоо эх орны үнэ цэнэ сэтгэл зүрхэнд оршдог юм байна гэсэн бодол төрж сууна.

-Та бүр суурьшихаар ирсэн үү?

-Би долоо хоноод буцна. Зураач Б.Солонготой хамтарч "Тэргэл ба Солонго” нэртэй уран зураг, яруу найргийн үзэсгэлэнгээ толилуулахаар ирлээ. Энэ өдрүүдэд зөвхөн үзэсгэлэн ч биш нийгэмд хандсан олон ажил хийхээр төлөвлөсөн. Зарим хүн хэлдэг л дээ. Яагаад гадаадад байгаа юм бэ, эх орондоо ирээч, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаач гээд л. Хэдийгээр би Монголд амьдардаггүй ч сэтгэл зүрхээрээ, цахим ертөнцөөр яагаад холбоотой байж болохгүй гэж. Үнэндээ Америкт хөлөө олох гэж жаахан зүдэрсэн. Одоо л амьдрал минь тэгширч, цэгцэндээ орж байна.

-1990-2000 оны уншигчид таныг андахгүй. Монголдоо шүлгээ бичээд амьдрах боломж байгаагүй юм уу?

-Сэтгэл хөдлөлөөрөө л явчихсан санагддаг юм. Хоёр найз маань түрүүлээд Америкт оччихсон байсан. Өдөр бүхэн гоё байна гэж яриад л. Тухайн үед айл бүхэн бөөтэй, нэг гадаадад амьдардаг хүнтэй байсан даа. Харин манайхаас нэг ч хүн гадаадад амьдардаггүй байлаа. Тиймээс залуу насны дэврүүн бодлоороо ямар ч судалгаагүй алс орныг зорьсон. Оччихоод юу хийчих вэ, эх орондоо үлддэг байж гэж харамссан үе  олон бий. Хааяа эргэлзээд, буцдаг юм билүү гэж хөрвөөж хоносон өдөр бишгүй байсныг нуухгүй. Харин гурван жилийн дараа охиноо татаж авчихаад хэрэв охин минь дургүй байвал нутаг руугаа явъя гэж бодсон. Харин охин минь эсрэгээрээ тэнд сурч, боловсрох сонирхолтой байсан юм. Тиймээс охиныхоо ирээдүйг бодоод, зориглоод амьдраад үзье гэж шийдсэн.

-Одоо ч хүн бүхэн Америк гоё, тэнд очвол амьдрал сайхан болно гэж боддог. Харин таны хувьд эсрэгээрээ орчин угтсан байх нь ээ?       

-Америкт байдаг монголчууд сайнаар хэлэхэд эцэг эх, найз нөхдийнхөө санааг зовоохгүй гэж, муугаар хэлвэл өөрийгөө сайн, сайхан амьдарч байгаа гэж итгүүлэх зорилгоор харийн орныг магтдаг юм шиг санагдсан. Харин очихоор амьдрал тэс өөр юм билээ. Хүний нутагт, хүний эрхээр амьдрах тавилан биднийг хүлээж байдаг. Чикагод амьдардаг монголчууд ихэвчлэн настай хүн асрах ажил хийдэг. Заримдаа эмэгтэйчүүд нь гоо сайхны салонд хүний гар хуруу цэвэрлэнэ. Эрчүүд нь таксинд явах жишээтэй. Би ч ялгаагүй настай хүн асрах ажил хийж байсан. Дуудсан цагт нь босно, асарна, сувилна. Өвчтэй хүнээс ямар энерги ялгарах билээ, хэцүү шүү дээ. Харин нэг өгөөжтэй тал нь айлд амьдраад, хоол байраа даалгаад байхаар мөнгө цуглуулах, Монгол руу, эцэг эх рүүгээ явуулах боломж гарч ирдэг. Америкт амьдарч байгаа монголчууд бүгд энэ замыг туулсан байдаг. Харин гэр бүлтэй болохоороо өдрийн цагаар ажиллаж эхэлдэг. Дэлгүүр, олон нийтийн үйлчилгээний газар хүртэл цэвэрлэнэ. Монголдоо эмч, жүжигчин, төрийн албан хаагч байсан хүмүүс тэнд хүсээгүй ажлаа хийгээд явж байхыг би алхам тутамдаа харсан.

-Гэхдээ сурмаар, үлгэр авмаар сайхан зүйл олон байдаг биз дээ?

-Гар хөдөлж байвал өлсөхгүй боломж тэнд бий. Мөнгө яанаа, өнөө маргаашийн хоол гэх зовлон байдаггүй. Манайхан чинь хүнээс дутахгүй хувцас өмсөхсөн гээд л өдрийн бодол болдог доо. Тэнд хэн ямар хувцсаа өмсөөд, хэнтэй явж байна хэнд ч хамаагүй, тоож ч хардаггүй. Тэгэхээр стрессгүй амьдарч болно. Мэдээж хөгжлийн хувьд гайхалтай. Өөрийгөө нээх, хөгжүүлэх боломж бүрэн бий. Гэхдээ манай монгол залуус ч америкчуудаас дутахгүй хөгжиж байна. Хийж бүтээх чин хүсэлтэй залуус олон байгааг би цахим ертөнцөөс хардаг. 

-Америкт очоод шүлгээ хаяагүй биз дээ?

-Анх Америкт оччих­оод "Залуу явахад юм бү­хэн өнгөлөг” гэсэн найргийн үдэш зохиож байлаа. Ер нь тэнд очсон урлагийнхны тоглолтод ихдээ 100 хүн л очдог байсан юм. Харин миний үдэшлэгт 150 гаруй монголчууд цугласан. Мөн хөгжмийн зохиолч Ш.Энхбаттайгаа хамтарч "Нутгаа саналаа даа” дууны шүлэг бичиж гавьяат жүжигчин Б.Болормаа дуулсан.

-Харийн оронд очоод таны уран бүтээлд ямар өөрчлөлт, эргэлт гарсан бэ?

-Америкт очсоноор миний нүд нээгдсэн. Монголд байхдаа хүний хүн чанар гэдгийг мэддэггүй байж. Америкт очоод би нулимуулсан. Чиний шүлэг бичнэ гэж юу байдаг юм гээд л сөрөг хандлага ирдэг байлаа. Энэ бүхэн миний уран бүтээлд нөлөөлсөн. Мөн би хэзээ ч өгүүллэг бичиж байгааүй. Чикагод очоод энэ төрлөөр бичдэг болсон. Эдгээр бүтээлүүд минь дараа жил гарах номонд маань багтана. 

-Хар ажил хийгээд, түүнийхээ хажуугаар шүлэг бичихэд хэцүү байдаг байв уу? 

-Монголд байхдаа сонин хэвлэлд ажилладаг байсан учир шүлэг бичихэд арай дөхөм байж. Харин гоо сайхны салонд ажиллаад, хажуугаар нь шүлгээ бичнэ гэдэг амаргүй даваа. Санаа бодол цэгцрээд сууж байтал нэг хүн дуудна, ажилдаа сатаарна. Тэгээд л өнөөх сайхан мөртүүд минь замхарна шүү дээ. Америкт амралтын өдрөөр амарна гэсэн ойлголт байхгүй. Харин ч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдээд, ачаалалтай байдаг. Эх орондоо бол амралтынхаа өдөр үзэг цаас нийлүүлээд суухад сэтгэл цэлмээд, дараагийн мөртүүд урсаад л байдаг. Америкт очоод яруу найргаас жаахан хөндийрсөн тал бий. Нэг хэсэг ерөөсөө юм бичиж чадахаа больчихсон.

-Онгод, мэдрэмжээ яаж сэрээв?

-Хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим нь шөнө унтаж байхад шүлгийн мөртүүд орж ирдэг гээд л. Би онгод гэж байдаг, тэр нь бүр амьтай гэдэгт итгэдэг. Харин миний онгод нэг хэсэг надад гомдоод, орхисон тохиолдол бий. Тухайн үед ажилдаа дарагдаж ядаад юун шүлэг бичих. Чикагод хэндээ ч шүлгээ уншиж, яруу найргийн тухай ярилцах юм гээд өөрийгөө зөнд нь хаясан. Бүр найрагч байгаад яах юм гэж хүртэл бодсон. Юуны төлөө шүлэг бичээд байна вэ, шагнал, нэр алдрын төлөө юу гэж өөрөөсөө асууж билээ. Харин үүний оронд сайн ээж, сайхан эмэгтэй байя, нэгэнт л энэ авьяас байгаа юм чинь бусдын адил цойлох гээд яахав гэж бодож явлаа. Гэтэл нэг үеийн найрагч найзууд минь шүлэг найргаа түмэнд хүргэж, тэндээс л сэтгэлийн аз жаргалыг мэдэрч явааг нь хараад онгодоо аргадаж, гуйдаг болсон. Өөртэйгөө ч их ярьсан. Үүнийг минь сонсоод урлагийн тэнгэр Янжинлхам намайг ивээж, буцаад шүлэг бичдэг болсон шүү.

-Цахим ертөнцөд та "од” шүү дээ. Шүлгүүдийг чинь хүмүүс их уншдаг юм билээ?

-Би анх цахим хуудас гэж ерөөсөө мэддэггүй байсан. Харин нэг удаа охиноо гуйж хаяг нээлгээд, хааяа нэг зураг хийдэг болсон. Харин "Хувьсал” продакшныхан аавын минь шүлгийг хулгайлсныг найзаасаа дуулаад цахим хаягаараа холбогдох гэж оролдсон. Манай найз утасдаад "Зүрхээр наадагч” гээд кино танай амьдралыг харуулсан юм уу, чи үзээч гэхээр нь эхэндээ тоогоогүй. Гэтэл олон хүнээс гайхсан сэтгэгдлүүд ирсэн учир би киног үзтэл үнэхээр онцгүй кино байсан. Тэгэхээр нь уран бүтээлчдэд хандаж яагаад аавын минь шүлгийг бичсэн юм бэ, манай гэр бүийн нэр гараад байна. Тиймээс хүмүүс биднийг ийм амьдрал туулж гэсэн ойлголт авчихлаа надтай холбогдож, тайлбар өгөөч гэж зүгээр л гуйсан. Гэтэл тэд намайг хүн чинээ тоолгүй уучлалт гуйх нь битгий хэл бичсэн захидалд хариу ирүүлээгүй, залгахаар утсаа ч авахаа больсон. Тиймээс би хүнээр гуйж уучлалт гуйлгана гэж юу байхав, хуулийн байгууллагаар шийдүүлье гээд шүүхэд өгсөн. Одоогоор эхний шатны шүүх хурал болсон. Хоёр дахь шүүх хурлыг тэд өөрсдийн хүсэлтээр хойшлуулсан байна лээ.

-Одоо хотод ирчихсэн юм чинь уран бүтээлчидтэй уулзах бодол бий юу?

-Тэд нүүр тулж уулзах санал тавиагүй. Би ч уулзахгүй гэж бодож байна. Миний шүүхэд өгсөн учир нь ганцхан уучлаарай гэдэг үг хэлж чадаагүйгээс болж ямар байдалд ордог юм бэ гэдгийг харуулахыг хүссэн юм. Ялангуяа олны танил хүмүүс. Тэдэнд гадна гоо сайхнаас илүү хүн чанар, хариуцлага байх хэрэгтэй биз дээ. Энэ олон хүнд сургамж болох байх. Хэрэв тухайн үед тэд надтай холбогдоод уучлаарай гээд хэлчихсэн бол би өдийд ингэж явахгүй. Харин одоо бол хуулийн байгууллагаар шийдүүлнэ.  

-Эрхэс тэнгэрт тэргэл саран ялгуун сайхнаар энхжин мандмой гэж аав тань их сайхан шүлэглэж. Бага насныхаа тухай нандин дурсамжаас хуваалцаач?

-Би багадаа үхлээс их айдаг байлаа. Мөн ах эгч, дүү нараасаа дута­хааргүй сайн, сайхан явах ёстой гэж өөртөө өндөр шаардлага тавьдаг байсан. Харин аав минь үргэлж үг гэдэг амьтай гэж хэлснийг би одоо л ухаарч байна. Би ах дүү нараасаа өмнө олонд та­нигдсан, мандаагүй биш мандсан бас алдаж унаж, уруудаж үзсэн. Харин одоо дахин босч байна. Багадаа тэгтлээ шүлэг, яруу найрагт дур­лаж байгаагүй. Харин ээж минь миний бичих өчүүхэн авьяасыг нээсэн юм.  

-Найрагч бүсгүйн хамгийн эмэгтэйлэг, зөөлөн байдаг үе хэзээ вэ?

-Миний харагдах байдал эмэгтэйлэг ч зан чанар минь эршүүд талдаа. Харин хүн намайг хайрлахад би буцаагаад түүнээс хувь илүү хайрлахсан гэж хүсдэг юм. Мөн хүний ачийг мартахгүйг хичээж, түүндээ ч хүрдэг.

-Таны шүлэг бүсгүй хүн, залуу нас, гоо сайхны тухай өгүүлсэн байдаг. Харин та энэ бүхнээ хэрхэн хадгалж үлдээхийг хүсдэг вэ?

-Би бурханд, ээж аавдаа баярладаг. Учир нь тэд надад гоо үзэсгэлэн, авьяас билгийг харамгүй заяасан. Би хэзээ ч өөрийгөө голж, чамлаж үзээгүй. Анх 40 нас хүрээд л залуу нас дуусчихна гэж бодож явлаа. Гэхдээ одоо бодлоо хаясан. Бүсгүй хүн өөрийгөө хайрлаж чадвал гадаад үзэмж болон сэтгэлийн гоо сайхнаа хэвээр нь авч үлдэж болно. Өнөөдөр Америкт 70, 80 нас хүрчихсэн эмээ нар гоо үзэсгэлэнгээ сайхнаар нь мөнхөлж чадаж байна. Тэдний хажууд миний залуу нас дөнгөж эхэлж байна.      

-Та яг одоо сэтгэлдээ орж ирсэн дөрвөн мөртөөсөө хэлээч?

-Уруулаа буд бүсгүй минь

Унаж дорой бүү яв

Нас бол цаасан дээр бичдэг тоо юм

Намбархаж бүү сүйд бол ...

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top