|

Б.Лхагвасүрэн: Бүсгүй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү

bayaraa 2015/03/31 1030 0

Б.Лхагвасүрэн: Бүсгүй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү

 

 "Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуайг

урилаа.

-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Хүн байхын учир чухам юунд оршдог вэ. Та оюутан залууст энэ тухай лекц уншихдаа олон сайхан зүйлийг хэлж байсан?

-Мөн чанар, чандын утга манайд дутаж байна. Ухаж бодох оюуны гэгээ, хоосролын цоорхойг нөхөх хүмүүс нь залуучууд. Өөрийг бодох хэрэггүй. Үрдээ найдахгүй төр, эцэг эх, дэлхий гэж хаана ч байхгүй. Тиймээс та нар минь хичээх хэрэгтэй. Ингэж хэлсний учир залуустаа үүрэг хүлээлгэж, хариуцлага тооцох гэсэнгүй. Хүүхэд гэдэг амьтан тааруухан дүн авах өдөр бишгүй бий. Тэр нь онц авснаас нь илүү хэрэгтэй байх тохиолдол бий. Тэр тааруу дүн түүнд илүү сургамж өгсөн байж болно шүү дээ. Би зүгээр л нэг яруу найрагч хүн. Амьдралынхаа туршид 30 гаруй жүжиг, 5-6 ном хийсэн, дөрвөн кино хийсэн зохиолч. Би уран бүтээлд хар нялхаасаа сэтгэлээ өгсөн.

Анх есдүгээр ангид байхдаа гурван шүлэг биччихээд "Утга зохиол” сонины эрхлэгч С.Эрдэнэ гуайд үзүүлсэн юм. Тэр хүн миний шүлгийг хэд хоногийн дараа сониндоо хэвлүүлсэн. Гэтэл огт санаанд оромгүй "Ер бусын авъяастай хүүхэд гарч ирлээ” гэдэг их магтаал ирж байлаа. Эндээс би юу хэлэхийг хүсч байна гэвэл, эртэдсэн магтаал хүнд зохидоггүй юм билээ. Учир нь тэр магтаал ямар их хортой байсныг сүүлийг жилүүдэд нь биеэрээ амсч, мэдэрсэн. Би 1962 онд анхны шүлгээ хэвлүүлчихээд 1982 он хүртэл 20 жилийн турш номоо гаргаж чадахгүй явж байлаа. Тамхи их татдаг, дэмий хатуу юм ярьдаг, үсээ ургуулдаг гэх мэтчилэн муучлах шалтаг мундахгүй л гарна. Харин би зураач байсан учраас ном, сонинд мэргэжлээрээ ажилласан. Нялхаасаа эцэг болсон ачаа надад байсан. Хэтэрхий эрт магтаал сонссон тэнэглэл байлаа. Тиймээс л магтаал эртдэх дэмий гэдгийг хүүхэд, залуустаа захидаг юм.

-Та анх бичиж байсан шүлгээ сонирхуулаач?

-Тэгж бололгүй яахав. Анхны шүлэг минь "Монгол хэлний зүй”, "Сэтгэлийн гурван халил” гэдэг нэртэй байлаа. Дашрамд дурдахад, манай зохиолчид хошин мэдрэмж өндөртэй хүмүүс шүү дээ. Намайг номгүй байж шавьтай, мөнгөгүй байж тамхи татна гэдэг байж билээ. Магадгүй доромжлол мэт сонсогдох боловч миний хувьд ташуур өгч, энхрийлж байгаа юм шиг сонсогддог байлаа.

 

"Монгол хэлний зүй”

Миний шүлгүүд эгшиг үсэг

Би өөрөө балархай эгшиг

Эцэг минь том үсэг

Эжий минь эрдмийн заяаг гийгүүлсэн эгшиглэнт "А” үсэг

Амьдрал минь сонсголонт урт эгшиг

Амьдрахын тулд хийсэн бүхэн минь үйл үг

Магтаал, хувцас хоёр тодотгол

Алдаа, эндүүрэл хоёр гээгдэх эгшиг

Ирээдүй, ирээгүй учралууд асуултын тэмдэг

Эргэн дурсагдах гэнэн залуу нас минь анхаарлын тэмдэг

Үглэх минь давхардсан гурван гийгүүлэгч

Үхэх минь утга төгсгөсөн цэг

Миний эх орон монгол хэлний зүй

Би Монголын уран зохиолд юу ч мэдэхгүй, чадахгүй байж түрэмгий орж ирсэн хүн гэж боддог. 1982 онд анхны номоо гаргасан. Харин 1984 онд "Цагаан тэнхлэг” номоо бичиж хэвлүүлсэн. Ингээд энэ хоёр номоороо 1990 онд Монгол Улсын төрийн шагнал хүртэж байлаа. Тэгэхээр надад бурхнаас өгсөн жаахан юм байж гэж бодохын сацуу түүндээ хязгааргүй үнэнч байдаг даа. Ийм л маягтай хүүхэд насаа өнгөрөөжээ. Би дахин дахин хэлж, яриад байгаагийн учир нь эрт ирсэн алдар магтаал хоёр хэрэггүй юм гэдгийг та нартаа захиж байгаа хэрэг. Магтаал, одон хоёр эзэндээ тохирох гэж юм байдаг. Миний анхны бичиж байсан хоёр шүлэг аль ч номонд минь ороогүй юм шүү. Ингээд яриад байвал олон зүйлийг хэлмээр байна. Ер нь зохиолч хүн мэдрэмжтэй, өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрэв худал юм бичээд л байвал нүдний булай. Тэр дундаа хүний ярьсан юмыг хүнд хэлэх ёстой муухай. Чиний хүнээс сонссон юм худлаа  байвал яана. Тиймээс заавал өөрөө харсан зүйлээ хүнд хэлж байхыг хатуу зарчим болгон баримтлах ёстой. Хэрэв тэгж чадвал хүмүүс бие биедээ худлаа хэлэхээ больчихно. Расул Гамзатовын хүнд худлаа хэлэхгүйн төлөө бичсэн шүлгийг гайхдаг юм. Нэг өглөө Фатима /эхнэр/ нь босоод Расулд хэлжээ. "Тэр жил би чамайг хардаад жигтэйхэн их муудалцаж билээ” гэж. Тэгсэн Расул юмаа бичиж сууснаа "Би санахгүй байна шүү” гэсэн байдаг. Гэтэл эхнэр нь "Чи санана даа, санана. Яг салах гэж байсан” хэмээн шахаж байгаа юм. Тэгтэл "Аан тийм, би саналаа. Би тэр хэрүүлийг амьдралынхаа бүх хугацаанаас хасчихсан” гэж хэлсэн байдаг. Худлаа хэлэхгүй байна гэдэг ийм сайхан. Шүлэг найрагт хүнд хэрэгтэй зүйлийг хэрхэн хэлэх вэ хэмээн ухаантнууд чармайдаг. Түүнээс гоё сайхнаар хэлэх гэж мэрийдэггүй юм шүү дээ. Яруу найраг бол магтаал, ерөөл биш.

-Хүн "Би” гэж хэт төвлөрөөд ирвэл буруутдаг гэдэг. Гэтэл сүүлийн үед хүмүүс би төвтэй болчихоод байгааг та юу гэж хэлэх вэ?

-Өөрийнхөө тухай ярих ч их тааруухан зүйл дээ. Хүн нас ахихаар ер нь өөрийнхөө тухай их ярьдаг бололтой. Ахмад партизануудыг харж байхад дандаа л хядаж байлаа гэж их ярих юм. Өтлөхөөрөө хүн тийм болдог юмуу даа. Мэдээж тэдгээр хүмүүс хийсэн юмтай, гавьяатай улс. Гэрч багатай болохоор бүр их ярьдаг юм шиг. Уг нь гэрчтэй байгаа үедээ үнэнээ ярьж, гэрчгүй болсон хойноо худлаа ярихгүй байвал яасан юм бэ гэж боддог. Ер нь өөрийг нь мэддэг, нутгийн хөгшдийн дэргэд худлаа ярих ч бэрх шүү. Нутгийн өвгөцүүл, эмгэцүүл ямар их ухаантай гэж санана. Монголын ухаан хөдөө байдаг юм. Нэг удаа аймгийн төлөөлөгч хөдөөгийн малчныд хоножээ. Тэгтэл төлөөлөгч маань "Би их энгийн хүн” гэж. Орой унтах үед ор засаад цагаан даавуу дэвсэх гэтэл "Өө хэрэггүй, би энгийн хүн. Зүгээр гудсан дээр ч хэвтээд өгнө. Би чинь хөвөн дээр унтаж, хөөрүүлсэн сүү ууж өссөн хүн” гээд байж. Зарим дарга нарт энгийн болох гэсэн өвчин байдаг шүү дээ. Тэр нь шал худлаа, хиймэл баг. Гэтэл гэрийн эзэн өвгөн "Би чамайг явсны хойно дэвсгэр даавуу угаасан нь дээр үү, гудсаа угаасан нь дээр үү” гэж асуусан байдаг. Хэлвэл хэлсэн шиг хэлдэг, ийм л ухаантай хүмүүс тэнд бий. Тиймээс Монголын хөдөөд гүн хүндэтгэлтэй хандах ёстой. Тэнд хүн эрүүл агаарт эмнэг сургаж, эр бяраа гаргаж өсдөг. Харин хотод бол өөр амьдрал бий. Хотын бид эмнэг сургахгүй караокед микрофон мушгиж сургаж байгаа шүү дээ. Ийм байж болохгүй ээ. Монгол хүн чинь юманд хүрсэн ч эр бяртай, гүдэсхэн байх ёстой. Эр, эм ялгалгүй сайхан төрсөн хүмүүс байдаг юм.

-Та урт үстэй гэж шүүмжлүүлсэн ч үсээ тайрч байгаагүй хэрэг үү?

-Би хэзээнээсээ л үсээ ургуулсан хүн. Энэ чинь миний эрх чөлөө юм. Монголчуудын "Тархиа ширгэтэл үс ургаж, чөмгөө ширгэтэл хумс ургана” гэж үг бий. Бурхан болооч болсон хүнийх ургадаг л юм байна билээ. Тэгэхээр энэ бол миний эрх чөлөө юм. Үсээ бол чамайг төрөөгүй байхаас эхэлж ургуулсан. Тэр социализмын хатуу бэрх цагт би үр хүүхэд хань ижлээ өлсгөж зовоогоогүй, өөрөө ч бас өлөн гундуу явж үзсэнгүй. Унших номтой, дандаа дээд зэргийн үзэг барьсаар өнөөдрийг хүрлээ шүү. Харин надтай хамт нэг цаг дор явсан зарим хүнийг одоо би өрөвддөг. Ерөөсөө аль нэг тал руу туйлширдаг хүмүүс гэдэг эмгэнэлтэй, бас хортой байдаг. Эргэцүүлэн бодохгүйгээр хүн дагаж дарвих шиг ёс бус, гажиг юм гэж байхгүй.

-Би таны "Эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү” гэж хэлэхийг тань сонсоод сэтгэл минь баясч байлаа. Учир нь өдгөө цагт хүмүүн гэдэг амьтан ширүүн дориун болсон юм уу гэж боддог?

-Эмэгтэй хүнийг ухааныг нь гартал битгий айлгаж байгаарай. Эмэгтэй хүнээс эрчүүд минь ухаан битгий нэх. Чиний хань заавал ухаантай, нэг их эрдэмтэй байх албагүй. Хоёр эрдэмтэй хүн суухаар ахуй гэж байхгүй болдог юм билээ. Би тийм амьдралыг харсан. Ер нь эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм. Учир нь эрчүүд гэдэг чинь өрөвдмөөр амьтад шүү дээ. Хөөрцөглөж яваад согтуу ирээд агсам тавимар болоход нь эхнэр нь аядуухан байгаад, үнсчихвэл нам болоод унтаад өгнө. Харин үүний оронд "Архинаас гар, чамаас сална, амьдарч чадахгүй” гэвэл улам л асаад байна. Аргадахуй, хайрлахуй гэдэг чинь л хүнийг хүн болгодог юм. Би эр хүн учраас эр хүндээ хайртай. Гэхдээ л би эмэгтэй хүнд илүү хайртай. Би ижийтэй, ханьтай, охидтой учраас эмэгтэй хүнийг их боддог. Эмэгтэй хүнийг хайрлаад л байвал өнгө ороод л байна. Бас ухаан суугаад л байна. Тэд үгэнд их эмзэглэнэ. Нэг сайхан үг сонссон эмэгтэй хүн өдөр байтугай сардаа баясгалантай явдаг юм байна л гэж боддог. Монголчууд сайн эмийг ингэж шинждэг. "Шивнэж хэлсэн ч дуулдаг, чимхэж өгөвч цаддаг, гэзгэн бие намуухан, гэдсэн бие нарийхан” гэж байгаа юм. Харин муу эмийн шинж нь "Гэзгэн бие сэгсгэр, гэдсэн бие цүдгэр, чихэж өгөвч цадахгүй, хашгирч хэлэвч дуулахгүй” гэдэг юм. Бас эмэгтэй хүний ховорхон нандин нулимс ямар хэцүү гэж санана. Эхийн нулимс тэр тусмаа ямар үнэтэй билээ. Би "Зовсон сүү”-ндээ "Хамгийн тэнэг хүн эхийнхээ нулимсаар хирээ угаадаг” гэж бичсэн. Хүнийг мэлмэртэл нь уйлуулчихаад "За боль, одоо болно” гээд харааж сууж болохгүй. Эр хүн битгий тэгээсэй, харин эмэгтэй хүн зөөлөн байх хэрэгтэй гэж санадаг. Тиймээс л эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү гэж хэлсэн хэрэг.

-Та ямар шашинтай вэ?

-Би бурхан Буддын шашинтай. Гэхдээ би сэтгэл дотроо бурхантай. Би ижий, аав гэж хоёр бурхны дунд өссөн хүн. Өвөг дээдэс гээд олон бурхантай. Бөөгийн тухайд Б.Ренчин гуайн бөөгийн шашны тухай эмхэтгэлийг л уншсан. Учир нь "Миний нутаг” шүлгийг бөөгийн дуудлагын гишгэм хэмнэлээр бичсэн гэж буурал яруу найрагч надад хэлж байсан юм.

-Хүн байхын тулд хүний мөн чанарыг таних уу. Хүний мөн чанарыг харж хүн байх ёстой юу?

-Хүний мөн чанарыг нугасны усаар нь шинжилж чадахгүй. Хүний мөн чанарыг он жилүүд шалгадаг юм. Тэгэхээр хүнийг танихын тулд удаан нөхөрлөх хэрэгтэй гэж боддог. Бид он цаг дээгүүр гишгэж өнгөрлөө гэж хүмүүс боддог шүү дээ. Нидэр дээрээ гишгэчүүлж өнгөрдөг юм. Ер нь туйлын үнэн гэж байдаггүй. Би одоо хүртэл таараагүй, үхтлээ таарахгүй гэж бодож байна. Гэхдээ залуу хүн өөдрөг үзэлтэй, түүндээ үнэнч байх учиртай. Үнэн гэж байдаг. Үнэнийг би өөрөөсөө гаргана гэж бодож яваарай.

-Та нэвтрүүлэгт орж байхдаа гэргийгээ би залуудаа мөн ч их манасандаа гэж байсан шүү дээ. Та хардалтын тухай юу хэлэх вэ?

-Хардах гэдэг харамлахыг хэлж байнаа даа. Агуу их Энгельсийн хэлсэн нэг үг бий. Гэр бүл хувийн өмч, төрийн үүсэл гэж хэлсэн юм. Тэгэхээр хувийн өмч гэхээр миний л юм байх нь ээ дээ. Би бусдад ханиа үнсүүлэхгүй байх санаа төрнө дөө. Би ганцаараа ханиараа халамжлуулж, хайрлуулахыг бодно. Энэ надад олдошгүй ганц юм гэж боддогоос үүдэлтэй байх. Ханилж шалиагүй байж "Чи сая орж ирсэн нөхрийг харлаа” гэвэл хэцүү. Хардалт гэдэг том юм билээ. Би хар гэдэг юмыг нэг их сайн ойлгодоггүй. Хардахаас итгэх нь дээр. Бодит амьдрал дээр эр нь ч, эм нь ч самбаганаад байдаг болсон үед хэцүү л юм билээ. Үгүйсгэж болохгүй л асуудлын нэг юм болов уу даа. 

-Монгол хүн ямар байх ёстой вэ. Сүүлийн үед хүмүүс жудаггүй болж, хувиа хичээмтгий болж гэх юм?

-Монгол хүн агуу. Уураг тархины хувьд дэлхийн хүмүүсээс толгой өндөр. Үгүй тэр гадаадад ажиллаж байгаа хүүхдүүдийг хар даа. Том том компаниудад, том том эрдэм шинжилгээний бүтээлүүд дээр монгол залуус ажиллаж байна. Монгол бол агуу ард түмэн гэдгийг хаана ч бардам хэлдэг. Үнэндээ толгой сайтай улс. Ямар ч хэл мэдэхгүй хүн онгоцны буудал дээр таардаг. Тэд очих газраа төвөггүйхэн хүрчихнэ. Би нэг нөхөртэй онгоцны буудал дээр таарч байлаа. "Чи хаа хүрэх вэ” гэж асуутал залуу маань "Лос Анжелос орно” гэнэ. Европууд сонин уншаад бөгтийгөөд, нэг л их хичээнгүй улсууд. Манай нөгөөдөх л гозолзоод л, ёстой нэг могойн чуулган дээр байгаа хаан могой шиг л явна. Тэр хүү өдийд аль хэдийнэ хүрэх газраа очоод хэлээ сурчихсан биз. Ийм л сэр­гэлэн ард түмэн. Би монгол хүний ирээдүйд итгэдэг.

-Та юунд эмзэглэдэг вэ?

-Эмзэглэх юм зөндөө таарч байна. Би энэ жил маш эмзэглэнгүй байгаа. Бодож суух, эмзэглэл хоёр надаас ерөөсөө салж үзээгүй ээ.

-Залуусыг ямар байгаасай гэж боддог вэ?

-Та нар залуу насыг залуу юм шиг л эдэл. Ухаарч, сэхээрч, галтай дөлтэй, ёсоор нь л яв. Залуу насаа өвгөн, эмгэн шиг өнгөрөөчихөөд, харамсч суух дэмий зүйл.

-Таны туйлын зорилго юу вэ?

-Би бурхан болсныхоо ард муу хүн байсан гэж хэлүүлэх­гүй юмсан гэж амьддаа хичээж явдаг. Туйлын зорилго бол өвөг дээдсээ дуурайж амгалан үхэх. Надад УИХ-ын гишүүн болох, наадмаар сайхан харагдах, нурууны хамгаалалт шиг бүс бүслээд, урт дээл өмсчихсөн бэлэг дурсгалын хүүхэлдэй шиг юм явах зорилго алга. Бас морины хомоол үнэрлэж үзээгүй мөртлөө морь уралдуулах, бөөнөөрөө нийлж казинод очих мэтийн туйлын зорилго байхгүй. Зарим хүнд энэ бүхэн туйлын зорилго нь болсон байна, харамсалтай. Монгол орноо сайхан байхыг, олуулаа байхын төлөө миний туйлын зорилго оршино.

-Сайн төр гэж ямар байхыг хэлэх вэ. Учир нь төр муугаас одоогийн хямрал, хүнд байдал үүслээ гэдэг болжээ?

-Төрийг муу хэлэхэд би маш дургүй. Төр бол хоосон чанар. Та нар төр гуай Сүхбаатарын талбай дээр явахыг үзсэн үү. Элбэгдорж гуай л явж байгаа. Төр гэдэг бол хоосон чанар, төрийг түшиж байгаа түшмэдүүд мөн чанар шүү. Төрийг муутгаж байгаа түшмэдийг нь буруутга. Төр чинь өөрөө өгөгдсөн агуу ариун зүйл. Болохгүй бүтэхгүй юманд байхгүй төрийг зүхэх юм. Түүний оронд байгаа тэнэгүүдээ л зүхэх хэрэгтэй.

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top