Орхон аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн
болон холбогдох хэлтэс, агентлагийн дарга нар "Эрдэнэт медикал"
эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус эмнэлэгт Японы менежментийг
нутагшуулан ажиллах аж. Дүрс оношлогоо, лаборатори оношлогооны хамгийн
орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг энд суурилуулжээ. Эмнэлэг барих нийт
өртөг нь 50 сая ам.доллар буюу 100 тэрбум төгрөг юм. Үүний 20 сая
ам.долларыг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулжээ. Зардлаа 7-8
жилийн дараа нөхнө гэж тооцоолж байгаа юм байна.
Эрдэнэт хотод зүрх судас, хоол
боловсруулах болон элэг цөсний өвчин хамгийн түгээмэл. Иймд эдгээр
өвчний оношлогоог цоо шинэ төвшинд гарган ажиллах юм байна.Өөрөөр хэлбэл
шинжилгээний хариугаа тус эмнэлэгтэй хамтран ажилладаг Япон
мэргэжилтэн рүү видеогоор илгээн оношоо тавиулах боломжтой.
Эрдэнэт медикал эмнэлгийг Японы эмнэлгүүдийн стандартад нийцүүлэн
барьжээ.
Үүний давуу тал нь эмнэлгийн бүх өрөө
хийн нэгдсэн системд холбогдсон тул бүх өвчтөн
хүчилтөрөгчийн аппаратанд холбогдох давуу талтай.Өөрөөр хэлбэл
хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөн аль ч өрөөнөөс шууд хүчилтөрөгч
авах боломжтой.
Тус эмнэлгийн 3D, 4D аппаратууд нь
HITACHI брэндийн бүтээгдэхүүнүүд бөгөөд тоног төхөөрөмжийн засвар,
найдвартай ажиллагааг HITACHI корпораци хариуцан ажиллана.120 хүний
ортой энэ эмнэлэг Эрдэнэт, Дархан хот төдийгүй хангайн бүсийн
иргэдэд үйлчлэх боломжтой гэнэ.
Эхний ээлжид өдөртөө 200
өвчтөнд оношлогоо хийх ба бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл өдөрт
500 хүртэлх хүнд үйлчилнэ. Ирэх 5 дугаар сарын эхээр албан ёсны нээлтийн
үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ.