Улаанбаатар дахь Хойд Солонгосын дипломатчид хэдий хэмжээний мөнгөөр юу худалдан авч байгаа вэ?
Саяхан гаднын хэд хэдэн хэвлэл Хойд Солонгос хориглосон бараа бүтээгдэхүүнийг Монголоор дамжуулан авч байгаа тухай баталгаат эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан мэдээлсэн. Хойд Солонгос Улсын Хятадтай харилцах харилцаа муудаж эхэлснээр Монголтой харилцах харилцаагаа гүнзгийрүүлж, энэ хүрээнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгост тогтоосон хориг арга хэмжээнд заагдсан бараа бүтээгдэхүүнийг Монголоор дамжуулан авах болжээ.
Урьд нь Хятадаас шууд авчихдаг байсан Хойд Солонгос Улс одоо Хятад болон бусад улсаас Монгол, Монголоос Хойд Солонгос гэх замаар зөөх болжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл улс орнуудыг Хойд Солонгост 2000 ам.доллараас дээш үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон.
Үүнд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болон өндөр чанартай бараанууд багтаж байгаа бөгөөд эдгээрийг Хойд Солонгос Монголоос авч байгаа аж. Харин Монголд байхгүй тансаг бүтээгдэхүүнүүдийг бусад орноос Монголд захиалан авчруулж, эндээс зөөж байгаа аж.
Тухайлбал, өндөр үнэтэй коньяк, үнэртэй ус, компьютер, куб навчин тамхи зэргийг Монголоор дамжуулан зөөж байгаа бөгөөд тансаг хэрэглээрээ алдартай Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн улиралд энэ хэдэн бүтээгдэхүүнд л гэхэд 800 мянга орчим ам.доллар зарцуулжээ. Мэдээж үүнийхээ ихэнх хувийг Улаанбаатар, Замын-Үүд, Алтанбулаг болон бусад хилийн шалган нэвтрүүлэхийн "дути-фрий”-гээс Улаанбаатар дахь дипломат ажилтнуудаараа зөөлгөжээ.