|

Бясалгагчийн амьдрал...

saikhnaa 2016/03/17 894 0

Бясалгагчийн амьдрал...

 

Дилов хутагт Нарова шавьдаа өгсөн гэгээн хутагийн зүрхний дамжуулалтдаа "Үл дасхуй хийгээд үл ялгаварлахуйн зам нь бүх бурхадын мөрөө үүнийг дагасан хүн бурханы хутагийг олно" хэмээн дуулжээ. Үл дас, үл ялгаварла энэ бол амьдарсан шиг амьдар харин амьдрал дотор дасч битгий үлд гэсэн бүх бурхадын гэрээс юм. Гүүрээр гар харин гүүрэн дээр битгий үлд гэртээ оч гэсэн утгыг заад
аг. Товчдоо би үзлээс сал гэсэн үг. Зовлонг гэтэлгэх хос жигүүр болсон үл дадагч зан, үл ялгаварлагч зан төрхийг гэгээрсэн хутагтуудын амьдралаас л олж харж болох юм. Үл ялгаварлаж, үл дасаж амьдарваас их даяанч таныг хамаг бурхад зүрхэн дотороос тань гэрчилж өөрсдийн эгнээндээ нэгдэх хаалгыг нэг л өдөр дотор зүрхнээс тань дэлгэн угтах болно. Аль болох зүрхэн дотроо даяанчилахийг хичээ. Зах дээр наймаа хийж байлаа ч зүрхний аглагт байж гэмээ нь их даяанч болно. Таны хором бүрийг тантай хамт бүх бурхад зүрхэн дотроос тань ажиглаж байгаа тул үл дасагч, үл ялгаварлагч болсон мэт хуурамч багийг зүүгээд нэмэргүй. Үл ялгаварлаж байна гээд тэвчээр үзүүлэх хэрэггүй. Харин оршхуйг ойлгож харьц. Бүх зүйлийн гоо сайхныг мэдэрч сур. Хүний муу зан чанар хэмээгдэх уур хилэн, шунал тачаалд ч гоо сайхан нуугддагийг сана. Харин тэр муу хэмээгдэх болсон учир нь хэмжээ нь жаахан хэтэрсэн үед муухай харагддагаас л тэр. Мөн аливаа өвчин зовлонгийн цаад утгыг таних хэрэгтэй. Таниж чадвал зовлон гэгч нь зовлон биш болно. Үл дасхуй хийгээд үл ялгаварлахуйн хос жигүүр тань хэрхэн ургаж, хэрхэн төлжиж буйг бурхад өөрт тань үзүүлэх шалгалт тестүүдийг хааяа нэг таниас авч байдаг. Орчин үед маш жижиг зүйлээр л шалгачихдаг болсон. Харин аливаад хэрхэн туйлширснаас нь болоод зарим хүнд чангахан шалгалтыг тавьдаг.

Энэтхэгийн их Загасны гэдэс гэгээн туйлшралаасаа болж хүндхэн шалгуур давсан хүний нэг юм. Уул нь Загасны гэдэс гэгээн Ариун даяанч нэртэй нэгэн байж л дээ. Тэрээр ууланд бясалгал даяан хийн ойр хавийн тосгодоос идээний өргөл хүртэн амьдарч байжээ. Нэгэн өдөр тосгоноос нэг эмэгтэй хоол авчирч өргөжээ. Ариун даяанч хоолны тагыг автал өмнөөс нь өмхий ханхалж, хөгцөрсөн хоол харагдаж гэнэ. Ариун даяанч тийм муу хоол авчирсанд тэр эмэгтэйд уурлажээ. Гэтэл тэр эмэгтэй "Иймхэн юмыг ялгаварлаж байж яаж үнэнийг таних билээ" гэчихээд агаарт уусах мэт замхарчээ. Ариун даяанч гэнэт оршхуйг сайн, мууд хувааж алдаа хийснээ ухаарч торгон жанчаа агуйн мухар луу шидэж орхиод далайн эрэг рүү очжээ. Тэнд тэрээр зөвхөн загасчдын хаясан загасны гэдэс, хаягдлаар хооллосоор оршхуйн үнэнийг таньж гэгээрчээ.

Монголд ч бас иймэрхүү сорилтод орж гэгээрсэн хүмүүс байдаг. Дээхнэ үед Завханы Идэрийн хүрээний хэдэн лам нар бясалгал нямбад сууж байжээ. Тэдэн дунд бусдаасаа номоор тааруу Балдан гэж нэг лам байж гэнэ. Түүгээр нэг зиндааны нөхөд нь тоглож зугаацдаг байж гэнэ. Балдан жижиг бор гэртээ өөрөө хоолоо хийж идээд хийд дээрээ очиж бясалгаж байжээ. Нэг өдөр Балдан гал дээрээ жижиг тогоо тавьж хонины толгой үүж орхиод хийд рүүгээ явжээ. Гэтэл нэг нөхөр нь гэрт нь орж гал дээрхи хонины толгойг мөлжиж хаячихаад оронд нь хойд энгэрт саяхан нутаглуулсан нэг хандмаагийн толгойг авирч тогоонд нь хийгээд явжээ. Орой Балдан гэртээ ирж гал дээрээс хоолоо гаргаж идэх гэтэл болсон хүний толгой байж гэнэ. Балдан түүнийг энэ агшинд бүх бурхадаас өгч буй бэлэг хэмээн үзэж айж эмээлгүй, мөлжиж идчихээд унтаж гэнэ. Тэр шөнө Балдан лам Сандуй бурханы дүрийг олж гэгээрсэн гэдэг.

Энэ хорвоогийн эд эс бүрт бурхад бий билээ. Бясалгалын лянхуа амьдралын гүнээс цэцэглэнэ. Цөөрмийн лянхуа шавар дотроос цэцэглэнэ.

http:// buddhalight.blog.gogo.mn/

Санал болгох

Сэтгэгдэл

top