|

Тойрон хүрээлэгчид

saikhnaa 2016/03/21 557 0

Тойрон хүрээлэгчид

 

Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг юутай үнэн. Улс төрийн намын удирдлагууд нь албан тушаалын төлөө үзэлцэж байхад, даргынхаа нүдэнд өртөхөөр амбицдаа хөөрөгцлөсөн зарим нөхөр тархиа гашилгаж, ухааны бядаа эрж ядаж байх шиг.

 

Хөдөөгийн байдал шальдар бульдар, цагийн байдал ороо бусгаа хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн "Хуучин хүү” зохиолын дүрслэлийг үе үе санагдуулам  өдрүүд үргэлжлэх. Урин хаврын нар ээсэн налгар өдрүүд хэдий ч улс төрийн нөхцөл байдал ёстой ороо бусгаа байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө амь хайрлалгүй зүтгэсэн хэсэг нөхөд өнгөрсөн дөрвөн жил гудамжнаас шууд парламентад тухалж, төрийн албан тушаалд томилогдон, зарим нь дээлээ хэдэнтээ давхарлан, олны гайхшрал, журмын нөхдийн атаархлыг төрүүлсэн. Сонгуулийн энэ жил дараагийн ээлжийнхэн нь төрийн түшээгийн зөөлөн сэнтийд суухаар даргынхаа нэрийг барьж, матрын нулимс унаган явж байна.

 

 

Эр хүний ховорхон  нулимсыг аав ээжийнхээ бус намын даргынхаа төлөө гаргалаа хэмээн олон нийтийн шүүмжлэлд МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжамъян өртсөн. Гэтэл олны нүдэнд шүүмжлүүлээд ч хамаагүй өртсөн түүнд атаархсандаа юу, даргадаа сайн нэр зүүх гэсэн үү "Удирдагчийнхаа  төлөө уйлах багадна. Ойрын жилүүдэд Н.Энхбаяр шиг хүн төрөхгүй” хэмээн тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар тал засан жиргэсэн байна. Уг нь Ж.Сүхбаатар анхнаасаа Н.Энхбаярыг даган МАХН-д ирсэн хүн биш.

 

Гурав орчим жилийн өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөн одоогийн генсек Ж.Мөнхбатад өвдөг шороодсон энэ эрхэм туйлын гомдол, хорсол тээн гадаад руу сурахаар одож байсан нь саяхан мэт. Харин буцаж ирээд МАН-д биш МАХН-д ороод буй нь энэ. Хэрвээ ЭМС-ын сайд  асан Г.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдоогүй бол Ж.Сүхбаатар МАХН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдохгүй байсан биз. Харин одоо тэрбээр энэ албан тушаалдаа "жинхлэн”, ирэх УИХ-ын сонгуулиар намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэх эрхэм зорилго өвөрлөн, даргынхаа төлөө юу эсийг хийхэд бэлэн буй нь дээрх жиргээнээс харагдах шиг. Гэхдээ хэнийг жагсаалтад багтаан эрэмбэлэх нь зөвхөн удирдагчийнх нь шийдэх эрх гэдгийг цагтаа төрийн түшээгээр ажиллаж байсны хувьд эрхбиш гадарлаж байгаа байлгүй дээ, Ж.Сүхбаатар.

 

Цааш нь "Эх орны төлөө үхэх зориг байгаа бол эх оронч гэнэ. 100 Хятад цэрэг устгавал үхэхэд гомдолгүй биз” гээд л "халуун”-тай байсан юм болов уу гэж бодогмоор хадуурч, тэрбээр. Ер нь тээр жил ямар хүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилж, УИХ-ын гишүүнээр сонгоод байсан юм. Басхүү тээр жил МАН-ын бага хурлын гишүүд Ерөнхий нарийн бичгийн даргаа томилохдоо зөв сонголт хийж дээ гэж бодогдмоор, зарим нэгний жиргээг харахаар.

 

Сонгуулийн өдрүүд ойртохын хэрээр энэ мэт "хошин шог”-ийн үзэгдэл хэдэнтээ давтагдах биз. Улс төрийн намуудад тойрогт нэр дэвших квотоо авах гэж, намын жагсаалтын дээгүүр бичигдэх өрсөлдөөн тун чиг ширүүхэн явагдах даг. Ер нь дотооддоо дүрэмдээ бичигдээгүй болохоос намын даргын дэвшүүлсэн санал бараг 50 хувь нь болдог. Тиймээс ч сонгуульд өрсөлдөхөөр даргын нөмөр нөөлөгт багтахаар сүүдэр мэт дагах нөхөд нэг байтугай байгаа даа. Улс төрийн намын даргын рейтэнгийг тойрон хүрээлэгсэд нь унагадаг гэж гашуун ч гэсэн үнэн үг. Энэ үг нам удирдаж байсан эрхмүүдийн зүрхийг ёгхийлгэдэг байж ч мэднэ. Тойрон хүрээлэгсэд даргадаа энгийн гишүүдийн үгийг сонсох зай завсар ч олгодоггүй, өөрсдийнхөө үгэнд итгүүлдэг халгаатай. АН-ын ч, МАН-ын ч, МАХН-ын үе үеийн удирдлагууд энэ түүхийг тойроогүй дайраад гарсан. Одоо ч тойрон хүрээлэгсдийн ажиллагаа улам ч идэвхжинэ байх.

 

Уг нь хэн нэгний  нөлөө, нөмөр нөөлгөөр бус нам дотроо шударгаар өрсөлдөөд сонгуульд нэр дэвших эрхээ авбал сүртэй хүчтэй баймаар. Гэвч улс төрд зөвхөн эрх ашиг үйлчилдэг хойно.

 

Н.Энхлэн 

Санал болгох

Сэтгэгдэл

top