Ураг ядрахаараа төрлөө, тураг ядрахаараа уулаа гэж монголчууд ярьдаг. Аавын хаалга татаж, багагүй зовлонг биеэрээ мэдэрсэн Н.Энхбаяр төрсөн эх орондоо ирээд намаа бэхжүүлэх биш бутаргаж байна хэмээн "Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон ЭМ-ийн сайд асан, МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамба санаа алдангуй ярилаа.
Санаа алдахаас ч яахав. Өөрийнх нь амьдралыг орвонгоор нь эргүүлээд зогсохгүй сонгуулийн сураг ойртсон энэ үед намаа тарамдуулж байгаа нь бусад намуудад тун ашигтайгаар эргэж буй учраас. Г.Шийлэгдамба л хэлсэн болохоос үнэхээр ч Засгийн газрыг огцруулах яриа гарсанаас хойш Шударга ёс эвсэлийн О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог нар Н.Энхбаярын багагүй дарамтад орсон хэдий ч,үзэл бодолдоо үнэнчээр үлдсэн. Гэхдээ Ерөнхий сайдтай Шадар сайдын төлөө наймаацсан Н.Энхбаяр даргынхаа үгнээс зөрсөнийнхөө төлөө тэд ирэх сонгуульд бэлэггүй хоцорч байгаа гэдгээ ч зарласан. Шадар сайдын төлөө улайрсан түүний энэ үйлдэл их хурал дахь Шударга ёс эвсэл бүлгийн дотоодын зөрчлийг улам хурцдуулсан нь О.Баасанхүү гишүүний цээжний гүнээс гарсан бухимдлын захиа хавчуулсан твийтэрт жиргэсэн үгнээс нь ч харагдана. Тэрээр сайдын суудал ямар үнэ хүрдгийг илчилнэ хэмээсэн нь энэ намын дотоод зөрчлийг хурцадуулж, Шударга ёс эвсэлийг тарамдуулж мэдэхээр байгаа юм.
Нөгөөтэйгүүр, ардын журамт, их удирдагч Д.Сүхбаатарын байгуулсан энэ намын суурийг авч үлдсэн гэх энэ намд өнөөдөр журамт нөхөд байтугай итгэж болох найз ч үгүй аж. Үнэн голоос хүндэтгэж, биширч явсан намын дарга, хуурай ах гэх Н.Энхбаяр нүүрээ бууруулж, андын ёсоор гар барилцаж, алд биеийнх нь эрүүл мэндэд санаа зовнин ирлээ гэсэн Ц.Оюунбаатар нь нүүрээ нуусан чөтгөр байсныг өнөөгийн хүндхэн байдалд орсон Г.Шийлэгдамба мэдсэнгүй хэмээлээ. Ямартай ч, намын санхүүжилт гэх асуудал МАХН гэлтгүй бусад намд байдаг ч, итгэж болох жинхэнэ улстөрч энэ намд үлдээгүй бололтой. Харин андын журмыг суулгаагүй, итгэж болох нөхдөөр хүрээлүүлж чадаагүй энэ намын толгойлогч Н.Энхбаярын давхар нүүхээр шийдсэн өрөг намаа ч, их хурал дахь эвсэлээ ч задлаж мэдэх нь. Намбарын хүүгийн томоогүй үйлдэл ямар үр дагаварт хүргэх бол доо...
О.Сод