|

Хэлсэн үгэндээ эзэн болоосой доо О.Баасанхүү

namuunaa 2015/10/05 1017 12

 

"Оймсонд хавчуулагдаж” УИХ-ын гишүүн болсон гэгдээд буй О.Баасанхүү сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна.  Түүний хувьд Өршөөлийн хуулийн улмаас  дэд сайд Б.Тулгад боолгосон.   Удаагүй байхдаа С.Баярцогтыг  чөлөөлөх  асуудлыг дэмжүүлэхийн төлөө  эвслийн бүлгийг задласан ч яахав гэсэн агуулга бүхий зүйл хэлсэн нь өнөөдөр түүнийг "од” болгоод байна.  

 Өмнө нь УИХ-ын гишүүн Х.Тэмжүүжинг  Хууль зүйн сайд байхад нь  огцруулах тогтоолын төслийг өргөн барьж байсан.  Тэрбээр тогтоолын төслөө батлагдчихна гэж 100 хувь итгэлтэй байсан ч Солонгосоос  намын дарга нь дуудаж уулзсан болохоор саналаа эргүүлэн татсан. Үүнээс болж түүний нэр хүнд  шалаар нэг унаж байсныг  уншигч та бүрхэн санаж байгаа бизээ. 

Аргагүй л тэмцэгч  даргатай намын гишүүн гэсэндээ тэрбээр дахин  Засгийн газрын гишүүнийг огцруулах ажлыг өрнүүлээд байгаа.  Энэ удаад тэрээр Засгийн газрын  хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын  хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь огт таалагдахгүй байна хэмээн мэдэгдэж түүнийг огцруулах тогтоолын төслийг өргөн бариад байгаа.  Б.Тулгад боолгосон, өмнө нь санасандаа хүрч чадалгүй Н.Энхбаяр даргадаа "хазаарлуулсан” тэрбээр  энэ удаад  шүдээ зууж, яаж ийж байгаад  С.Баярцогтыг ЗГ-аас хөөхөөр шийдээд байгаагаа  их л шийдэмгий мэдэгдсэн.  Тэрбээр  эвслийн бүлгийг задлаад ч хамаагүй   С.Баярцогтыг чөлөөлнө гэж хэлснийг нь  Л.Цог, Г.Уянга нарын гишүүд нь дэмжээд байгаа.  Харин намын дарга нь Ёстой тийм юм байхгүй. Хүүхдүүд ярьж л бай” гэсэн агуулга бүхий тайлбарыг сэтгүүлчдэд  төрийн ордонд өгчихөөд яваад өгсөн.

О.Баасанхүү УИХ-ын гишүүн  Г.Уянгын Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан,  нөгөө талаас хэн хэн нь энэ удаагийн Засгийн газарт сэтгэл дундуур байгаа болохоор хамтран ажиллаж бүлгээсээ гарахад асуудалгүй.  Нөгөө талаас

 "Шударга ёс” эвслийн бүлгээс сайд болоогүй  гишүүн нь  тэд.  Тэгэхээр  тэдний хувьд бүлгээсээ гарлаа гэж айлгах нь туйлын  зөв гарц.  Тэдний энэ үйл ажиллагааг  Л.Цог   дэмжиж байгаа нь  учир жанцантай л юм гэсэн.  

Хэрвээ О.Баасанхүү, Г.Уянга,  Л.Цог нар бүлгээсээ гарвал  "Шударга ёс” эвслийн бүлэг  албан ёсоор татан буугдана. Эвслийн бүлэг татан буугдсан тохиолдолд Засгийн газар мөн л огцорно.

Тэгэхээр энэ удаад  О.Баасанхүүг намын чанга гараар бус  аргадах замаар хазаарлахгүй бол болохгүй  гэдгийг МАХН-МҮАН-ынхан  ярилцаж эхлээд байна. Харин ямар суудал өгч,  тогтоолын  төслийг нь татуулах арга хэмжээ авах,   юугаар хэрхэн шантааж хийхээ  Н.Энхбаяр дарга нь мэдэж байгаа байлгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү шийдсэн гэдэг үгэндээ энэ удаад хүрч эзэн болоосой. Эс бөгөөс  сонгогчдын дунд унасан нэр хүнд нь дахин унах эрсдэлтэй юм. Хэрвээ нэр хүнд нь дахин шалаар нэг унах юм бол дахин оймсонд хавчуулагдан  УИХ-д орохоос өөр сонголтгүй болоод байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top