|

АМЕРИК АМЬДРАЛ БА ГАШУУН ҮНЭН- 4

saikhnaa 2016/03/21 551 0

АМЕРИК АМЬДРАЛ БА ГАШУУН ҮНЭН- 4

 


Америкт ах дүүс байхгүй, дээрээс нь хэл ус мэдэхгүй, мөнгө төгрөг муутай ирсэн хүмүүс ажил олоход амаргүй ээ. Би гэхэд л анх Seattle хотод ирээд бараг 3,4 сар ажил хайсан ч надад ажил олдоогүй билээ. Хүн хардаг ажил их олддог гэх Чикаго хотод найз минь байсан учир түүнийгээ бараадахаар явлаа. Найз маань өөрөө ирээд ч бас айхтар удаагүй ч төрсөн эмэгтэй дүү нь ирээд удчихсан байсан юм. Харж байсан эмгэн нь нас барчихсан тул найз бас ажилгүй болчихсон, дээрээс нь Монголоос ирээд өрөө дарж дуусаагүй тул машин авч чадаагүй байлаа. Машин авах мөнгө нь байлаа ч бичиг баримтгүй хүнд жолооны үнэмлэх авах амаргүй ээ.Тэгсэн ч манайхан сэргэлэн зангаараа олон улсын жолооны үнэмлэхээр, эсвэл өөр хүний нэртэй жолооны үнэмлэх худалдаад авчихна. 
 
 

Ер нь бол Америкт ажилгүй удлаа л бол мөнгө байхгүй, ахындаа эгчийндээ гээд очих айл байхгүй л бол дуусаа шүү дээ. Байрныхаа мөнгийг төлж чадахгүй, байр хөлсөлж чадахгүй. 
Чиний өмнөөс хэн ч гүйхгүй дахин дахин хэлэхэд тийм боломж байхгүй. 
Америкт машингүй байна гэдэг бол бурхан минь хөлгүй байхтай ижилхэн. Машингүй дээрээс нь хэлгүй, мөнгөгүй ажил хайх гэдэг бас л айхтар даваа шүү дээ. За тэгээд яаж ийгээд амьтан хүн гуйгаад машин олох үедээ олоод автобусанд сууж төөрч будилах үедээ будилаад болдог л юм. Эхний удаад дийлэнх нь өр ширтэй ирдэг тул ямар ч ажил олдсон голно гэхийг мэдэхгүй хийсэн нь хождог . Хэцүү нь ч таарах, гайгүй нь ч таарах. Анхнаасаа аз таарч хүнд өвчтэй биш, дээрээс нь ааш зан зөөлөндүү, ах дүү үр хүүхэд нь хажиг ёожиг зантай биш хүн олоод харчихвал тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг . Бас дийлэнх эмэгтэйчүүд хавар зуны цаг таарвал шууд л хумсны салонд эхлэн суралцагч дагалдангаар орчихвол сураад авсны эцэст хаана ч хоолоо хөөрхөөн олоод идчихнэ. 
Сурсан бүхэн эрдэм гэж юутай үнэн. 
Америкт гэхээрээ л бүхий л зүйл шударга нарийн байдаг гэж бодвол эндүүрэл. Энд ч бас хууль бусаар буюу өөрөө сурахгүй байж мөнгө төлөөд хумсчин, гоо сайханч мэтийн гэрчилгээ олоод авах. 

Манайхан хаа явсан газраа сэргэлэн тул ямар ч юмны арга эвийг олчихно. 
Би хувьдаа өөрөө зовлогоо зулгааж үсчин гоо сайханч, хумсчнаар ажиллах эрхтэй сургуульд суралцаж төгссөн билээ. Харин сурахгүй худалдаад авах боломж байдгийг сүүлд сонсож мэдэж авч билээ. 
Америк зорихыг амьдралаа дээшлүүлийг хүсэж буй эхнэр нөхөр үр хүүхэдтэй хэн боловч нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эхлээд өөрөө түрүүлж очоод дараа нь тэднийгээ татна гэж мөрөөдхөөсөө өмнө, бие холдвол сэтгэл холддогын үлгэрийг, бас тийм амархан татах боломжгүйг, хугацаа их орохыг цаашлаад салж сарних эрсдэлээ бодож ирэх хэрэгтэй.Магадгүй бас хэзээ ч тэднийгээ авч чадахгүй атлаа өөрөө буцахгүй байх эрсдэл?!? Сайн бод. 

Тийм их эрсдэл дагуулан заавал Америк явах хэрэгтэй юу үгүй юу гэдгээ сайн бод?!?!. 
Монголд эзэмшсэн болсон болоогүй багш, эмчийн диплом биш, үсчин гоо сайханч, цахилгаанчин, будагчин, гагнуурчин гэх мэтийн мэргэжил эзэмшсэн шиг эзэмшсэн, дээрээс нь хэлтэй бол Америкт та сайхан амьдрахад асар ойрхон. 
Ямартай ч үнэнч шударга хөдөлмөр эрхлээд аятайхан амьдрах боломж байна байна. 

Сайхан сайхан залуус хоёр талд нэг хэсэгтээ мөнгө явуулдаг аав ээжүүд болж байгаад сүүлдээ ч нүдэн дээр минь олон танилын минь амьдрал замхарч байсныг харж билээ. 
Тэр ч бүү хэл ганц хүүтэй тэрнийгээ бага байхад нь ээж аавдаа үлдээчихээд 10 хэдэн жил хүүгийнхээ барааг харахгүй, одоо хорь гарчихсан ганц хүү нь өөрийг нь эгчээ гэж дуудах дөчин хэдтэй ээж байж л байх. Хаа байсан Монголоосоо хамтдаа ирчихээд нэг найзыгаа цагдаа дуудаад шоронд оруулчих найз ч байх. 
10 хэдэн жилийн дараа эхнэр хүүхдээ авсан нэгэн хамтран амьдарч байсан хүүхнээсээ салж чадахгүй Америкт үр хүүхдээ, эхнэрээ авчирсан ч бас л нойтон дэрэн дээр уйлуулж хонуулах сайхан гэж үү дээ. 
Тоочоод байвал дуусахгүй жишээ дүүрэн байх. 
Эцсийн эцэст би чухам энэ бүгдээс юуг уншигч танд ойлгуулахыг хүснэ вэ гэвэл энэ дэлхийн хаана ч амьдарсан эзэн нь асар их хичээж байж л заяа нь дагаж дээшилж ивээж байдгийг бүү мартаарай. 

Энэ дэлхийн түмэн амьтан тэмүүлэн байх Америк сайхан орон мөн үү мөөн. Гэхдээ үүргэвчээ үүрээд гарахаасаа өмнө маш сайн бодлоо, зорилгоо, эрсдэлээ хянаарай. Чухам яг юуны төлөө юугаа алдаж зольж болохоор тийм их хэрэгтэй байна уу гэдгээ ялангуяа гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүмүүс минь сайн бодогтун. Учир нь цаг хугацаа хүний нутагт харавсан сумнаас ч дэндүү хурдан өнгөрдөг, учир нь хэлээ, хөлөө олох гэж тэмтчисээр байтал тэр шүү дээ. 

Яруу найрагч Хулганайн Тэргэл Чикаго хот 

(Хэвлүүлэхээр зэхэж буй номын хэсгээс авав)

Санал болгох

Сэтгэгдэл

top