-Үндсэн хуулийг өрнөдийн захиалгаар хийсэн-
Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хэвлэлийн бага хурлаар ямар асуудалуудыг хөндөж ярилцсан бэ?
-Гуравдугаар сарын 22-нд тусгаар тогтолын талбайд УИХ-д дүн тавих цуглаан зохион байгуулах гэж байна. Есөн бүлгэм нэгдэн "Бид эвлэн мандуулах хүч”-ийг үүсгэсэн. Бид "Түмнээ нэгтгэн, төрөө цэвэрлэнэ, Монголоо мандуулна” гэсэн зорилготой. Энэ үйл ажиллагаа манай хүчний үйл ажиллагааны гараа болох чухал үйл явдал юм. Монголын минь хувь заяанд тулгамдаж буй асуудлыг тогтоож зөв оношлохын тулд төр буюу өнөөдрийн Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага, монголчуудын байгуулсан сүүлчийн их хурлын дөрвөн жилийн хугацаанд явагдсан ажил Монгол Улсын хувь заяатай холбоотой. Тийм учраас бид УИХ-аас гарсан бодлого болон хуулиуд Монголын өнөөдрийн амьдралд ямар үр дагавар авч ирэв. Сайн нь юу байв. Муу үр дагавар юунаас үүдэн гарав, ямар хор уршигтай байгааг тогтоохын тулд УИХ-ын даргыг урьж хамтран ажиллах санал хүргүүлсэн. УИХ-ын дарга бидний саналд хариуцлагатай хандаж, ирж оролцоно гэдэгт итгэлтэй байгаа.
-Энэ өдөр ямар асуудлыг түлхүү авч хэлэлцэх вэ?
-УИХ-ын үйл ажиллагааны тайланг сонсоно. Тайланг нь сонсож байх хугацаанд олон нийтийн дунд санал асуулгын хоёр хайрцаг ажиллана. Гарсан санал асуулга дээр үндэслэн улс төрийн шийдэл гарах байх.
-Хамтарч ажиллана гэлээ. Хамтарч ажиллахаар болбол ямар байр сууринаас хандаж, хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэх вэ?
-Төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна. Мэдээж сонгуультай холбоотой болохоор хүмүүс шоу гэж ойлгох байх. Тийм биш. Төрийнхөө бодлогод анхаарал хандуулдаггүй монгол хүн байгаад яахав дээ. Монголын ард түмэн улс төржих хэрэгтэй. Үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр улс төрийн бодлогыг тодорхойлоход ард түмэн идэвхтэй оролцох хэрэгтэй гэдэг өнцгөөс ойлгох хэрэгтэй. Ард түмэн төрийн эрх барих дээд байгууллагын алдаа, оноог ярьж байгаа учраас бид хамтдаа хэлэлцэж муу байвал яаж засах вэ гэдэг талаас нь хамтран шийдэлд хүрэх зорилготой юм. Магадгүй сайн гэсэн үнэлгээг ард түмэн өгч болно. Тэгвэл илүү сайжруулах тал дээр хамтарч ажиллах болно. Монгол Улсын хөгжил дэвшил, доройтол та биднээс хамаарах учраас иргэн бүрийн саналыг сонсож хамтарч ажиллах байр сууринаас хандаж байна.
-Хэрвээ УИХ хамтарч ажиллах боломжгүй гэсэн хариу өгвөл цаашдаа ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудал учраас яаран дүгнэлт хийхээс бид зайлсхийж байгаа. Тийм учраас ард олны санаа бодлоос гарсан шийдвэрүүд дээр дүгнэлт хийж дараагийн арга хэмжээнүүдийг авсан нь зөв гэж үзэж байна.
-Удахгүй сонгууль болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд танай хүчин ямар сууринаас хандаж байна вэ?
-Сонгуульд бид их тодорхой байр суурийг тогтоосон байгаа. "Эвлэн мандуулах хүчин”-ээс түмнээ нэгтгэж, төрөө цэвэрлэн, Монголоо мандуулна гэсэн эрхэм зорилтыг тавьж, хэрхэн, яаж гүйцэлдүүлэх вэ гэдэг тал дээр ярилцаж чиглэлүүдээ гаргасан. Эхний чиглэлийн дагуу хоорондоо харилцан уялдаатай ажлууд байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын үйл ажиллагаанд дүн тавих ажил одоо явагдаж эхэлж байна. УИХ-ын үйл ажиллагаанд иргэд өөр өөрсдөө дүгнэлт хийсэн байх. Үүнтэй холбоотойгоор бидний хоёр дахь зорилго бол нэр дэвшигчдийг тодруулах энэ чиглэлд улс орноо зөв замаар авч явах хүмүүсийг тодруулаад бие даагчдыг нэг зорилго дор нэгтэхийг хичээж байна. Гурав дахь зорилго Үндсэн хуулийг өөрчлөх явдал. Учир нь бид Үндсэн хуулийг алдаа ихтэй байна гэж дүгнэж байгаа. Хэт алдсан учраас улс орны хувь заяаг хутганы ирэн дээр аваачсан. Сүүлийн хорь гаруй жил дангаараа болон хамтарч төр барьж Монгол Улсын бодлогыг тодорхойлж байсан намуудтай ярилцах боломж байхгүй байна гэж дүгнэж байгаа юм. Харин Үндсэн хуулийг агуулгаар нь өөрчлөх зорилгын дор, Үндсэн хуулийн алдаа дутагдлыг мэддэг 18 намтай нээлттэй ярилцаж, нэгдсэн дүгнэлтэд хүрвэл хамтарч сонгуульд оролцох байр суурьтай байна.
-Танай хүчнээс УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс тодорхой болсон уу?
-Эхнээсээ хүмүүс гарч ирж л байна. Одоохондоо яг тэр нэр дэвшинэ гэж хэлэхэд эрт байна. Удахгүй сонгуулийн хуулийн дагуу нэр дэвших хүмүүс тодорхой болох байх.
-Сонгуулийн хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний хувьд гэлтгүй манай хүчний хувьд шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэсэн, түрэмгийлсэн, өөрсдийнхөө байр суурийг баталгаажуулсан хууль болсноос гадна шинэ хүмүүсийг УИХ-д гарч ирэх боломжийг хаасан хууль болсон. Төрөө зөв байгуулах энэ цаг үед Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг зөв шийдээсэй гэж хүсэж байна.
-Оюутолгойг тойрсон асуудлууд ар араасаа гарч байна. Ард түмэн дургүйцлээ илэрхийлсээр байна. Энэ асуудлыг та ажиглаж л байгаа байх?
-Нэг хэсэг хугацаанд мэдээлэл авч, дүгнэлт хийж, оролцож явсны хувьд эргэлзээтэй гурван зүйл байна. Нэгдүгээрт их хэмжээний байгалийн нөөц байна гэж тогтоожээ. Үүнийг үгүйсгээд яахав, ашиглаж болох уу гэдэг асуудал байна. Хоёрдугаарт ашиглаж болохоор бол ямар зарчмаар ашиглаж болох юм бэ гэдэгт хариулт өгөх хэрэгтэй. Гуравдугаарт ашиглалаа гэхэд бусад газруудаа ухаж төнхөх шаардлага байгаа юм уу. Энэ гуравт хариулт өгөх хэрэгтэй. Гэтэл эхнийх нь эргэлзээтэй байгаа юм. Шууд л ашиглана гээд л зүтгэчихсэн. Муу талаас нь яривал нэг ёсны монголчуудын шуналын сэдэл санаархал нь давамгайлаад орчихсон. Говьд гүний усны их нөөц байгаа гэж яриад байгаа. Гэтэл түүнийг аваад ашиглалаа гэхэд нөөц нь хүрэхгүй, хүрнэ гэж ярьж байгаа нь худлаа юм. Өөрөөр хэлбэл 30 жил үр ашгаа авахгүй гэсэн гэж байна шүү дээ. Их ус байлаа гэж бодоход 1350 литр/секундээр авлаа гэхэд зургаан жилээс цааш явахгүй гэдгийг мэргэжилтнүүд нь надад хэлсэн. Одоо эдгээр хүмүүс ажилгүй шахагдаад явж байна.
Хэлбэл дарамтанд орох аюултай байгаа хэрэг шүү дээ. Болно гэж хэлж байгаа эрдэмтэд байна. Тэд худалдагдчихсан явж байна. Худалдагдсан гэдэг үгийн цаана ямар нэг амлалт явж байгаа байх. "Хэрлэн гол”, "Орхон гол” гэж төслүүд бий. Энэ хоёр голыг урагшаа 1500 метр татах юм. Ашиглаж болох юм уу. Боллоо гэхэд юу болохыг бид мэдэхгүй. Бид дахиад голоо золиослох нь, тийм үү. Хэрвээ тийм биш ээ, Хэрлэн, Орхон голыг татахгүйгээр болно. Тэр дор сүйрэл болохгүй гэсэн 100 хувийн баталгаа өгөх юм бол нөгөө Далай лам сүнс байхгүй гэсэн 100 хувийн баталгаа өгвөл би шашнаасаа гарлаа гэдэг шиг надад 100 хувийн баталгаа өгвөл би миний тэмцэл худлаа байжээ гэж хэлнэ. Иим айхтар зүйл байгаа юм шүү дээ. Нарийн зүйлсийг ард түмэндээ хэлэлгүй шуналыг нь хөдөлгөөд, ашиглана гээд зүтгэчихсэн. Монголд хэзээ үр ашиг нь ирэх нь тодорхойгүй болчихсон байгаа. Үр ашиг нь ирэх нь битгий хэл Монгол маань өөрөө барьцаанд ороод зогсохгүй, үгүй гэж хэлэх юм бол олон улсын шүүх дээр очих буруутан болно. Ийм л бодлогыг эрх барьж буй зургаан нам гаргасан шүү дээ. Тэд нарын алдаа бол бидний алдаа. Өөрөөр хэлбэл бид тэднийг энэ хорин хэдэн жил ийм арчаагүй болтол нь хувь заяагаа даатгачихсан. Бид тиймээс засч л таарна.
-Яаж засна гэж?
-Үндсэн хуулийг өөрчлөх. Хамгийн түрүүнд 1992 оноос хойш бидний сахиж, дагаж ирсэн Үндсэн хуулийн агуулгыг өөрчлөх. Үүнд өргөн цар хүрээтэй, бусад хуулийн шинчэлэлүүд мөн багтах болно. Иргэний эрх зүйн хуулийг өөрчилж Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэх мөн төрийн байгуулалтын асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Энэ бидний УИХ-д суудал авбал хийх эхний алхам байх болно.
-Бүх зүйл Үндсэн хуульд байна гэж үү. Үндсэн хуулийг өөрчилснөөр үүнийг засч чадах уу?
-Үндсэн хуулийг өрнөдийн захиалгаар тэр дундаа Америкийн идэвхтэй оролцоотойгоор, Америкийн тагнуулийн байгууллагын буюу Америкийн Азийн сан гэж Монголд бий. Энэ байгууллагын зөвлөх үйлчилгээ нэртэй хөтлөлтөнд орж дэглэгдсэн хууль. Тиймээн Үндсэн хуулийг харахад монголчууд өөрсдөө хийсэн мэт санал асуулга аваад л, сонгууль явуулж хийсэн хэдий ч тийм биш. Миний насны хүмүүс үүнийг эргэн санахад их ойрхон байгаа.
-Монголчууддаа хандаж таны хэлэх үг?
-Өнөөдрийн бид сорилт дунд амьдарч байгаа энэ цаг үед монголчууддаа хандаж хэлэхэд ижил тэнгэртэй хүмүүс Монголоо зөв болгох, өвөг дээдсээс өвлөж авсан өв соёл, баялгаа энэ үедээ баталгаажуулах, хойч үедээ хүлээлгэж өгөх адил үүрэгтэй хүмүүс. Тийм учраас хойш суулгүй улс орны ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө чинь сэтгэлээсээ зөв сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Миний зорилго газар нутгаа хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэх. Энэ зорилгын маань аюул эрсдэл арилж өгөхгүй байна. Учир нь улс маань бүхэлдээ нэг биш болсон байдал үүний цаана бидний сонгож байгуулсан төр засаг бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж байгаа тэр байдал нь бидний өөрсдийн хийсэн зүйлийн үр юм. Бид энэ алдаан дээрээ үндэслэн, сургамж авч "Эвлэн мандуулах хүч”-нийг байгуулж Монголоо нэгтэх зорилго дор ажиллах болно. Үзэл санааны мухардал, үйл явцын гажуудалд орсон улс орноо энэ байдлаас гаргая гэж л хэлмээр байна даа.
Эх сурвалж Ардын эрх сонин