Эмч нарын хэлснээр нохой талийгаач хүүг нүд хальтрам болтол нь зэрэмдэглэж, гүрээний судас нь тасарч, гэдэснийх нь хажуугаар сэмж нь цувсан, дунд чөмөг нь бяцарсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Хүүг үхэлд хүргэсэн нохой "Дундад Ази” үүлдрийн буюу "зодоонч” нохой байсан байна.
Уг нь нохой сонирхогчдын хэлж буйгаар Дундад Ази үүлдрийн нохой бол хонь сүргээ хамгаалж амьдардаг амьтан. Гэтэл манайхан байгалиасаа ийм араншинтай нохойг ашиглаж улам хурц болгосоор байдаг аж. Яг дээрх нохойг зодооноо зориулалтаар бэлтгэдэг байсан эсэх нь тодорхойгүй ч нохойн тулаан сүүлийн үед тун түгээмэл болжээ. Ингэхдээ бүр Нохойн тулаан гэх нэрийн дор бооцоо тавин нохойнуудаа зодолдуулах болсон талаар эх сурвалжууд хэлж байан. Байсхийгээд л зохиох болсон энэ улайн үйлд өсвөр үеийнхэн, мөн үр хүүхдээ дагуулан очих хоббитой эцэг эхчүүд ч олширчээ.
Ноход нэг нэгнээ олоод ноцох нь үнэндээ хэвийн үзэгдэл. Тэр тусмаа манайх шиг золбин ноходоосоо салж чадаагүй улсын хувьд. Харин санаатайгаар үйл ажиллагаа зохион байгуулж нохдыг зодолдуулж байгаа нь хяналтаас гадуур яваад байх шиг. Цусны үнэр авсан нохой ахин хүн хазахгүй байна гэсэн баталгаа байдаггүй. Барууны зарим оронд зодооны нохойг гэрийн тэжээврээр байлгахыг эрс хориглодог аж. Өөрөөр хэлбэл зодоонч нохой зөвхөн торондоо л үлддэг байна. Гэтэл манайд хэн дуртай нь зодооны нохой тэжээж, тэр ч бүү хэл хошуувч хамгаалалт ч хийхгүй олны дунд дагуулан явдаг.
Монголын нохой судлалын холбооны харьяа Монгол банхар үржүүлгийн Арслан клубын гишүүн А.Золбоо хэлэхдээ "Тус тэмцээнийг хэсэг хүмүүс өөрсдийн сонирхлынхоо дагуу зохион байгуулдаг. Холбооноос бол нохой зодоон зохион байгуулдаг зүйл байхгүй. Холбогдох хууль тогтоомж байдаг эсэхийг мэдэхгүй байна, ер нь бол төвд банхар, Дундад ази ноход бол цусандаа араншин муутай, эзнээ таньдаггүй тал бий” гэв.
Тэгэхээр мэргэжлийн холбоо нь ч дэмжээгүй энэ нохой зодоон явуулж, нохойг зэрлэгшүүлэх хэрэг байна уу.
Энэ үйлдэл, залуусын зугааг эсэргүүцэн иргэн Б.Бат-Энх "Азтай савар”
ТББ-д хүсэлт гаргаж нохой зодооныг хориглох тухай хууль батлуулахаар
иргэдээс онлайнаар гарын үсэг цуглуулж байгаа аж. 1000 иргэний санал
нэгдвэл тухайн хуулийн төслийн ажилд орохдоо бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Хэрэв та санал өгөхийг хүсвэл дараахи хаягаар ороорой.
Ер нь нийслэлд өдөр тутамд нохойд хазуулсан дуудлага 5-8 удаа Гэмтлийн эмнэлэгт ирдэг байна. Өмнө нь гудамжны нохойд хазуулсан тохиолдол түгээмэл байдаг байсан бол өдгөө эзэнтэй, өдөр тутам тордож тэжээдэг гадаад үүлдрийн нохойд хазуулсан хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа юм. Зодооны зориулалтаар тэжээсэн нохдод уруулж, ноцтой гэмтсэн хүмүүсийн яриаг бид тун удахгүй хүргэх болно.
Э.Сайнзаяа