|

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид эмнэлэгийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана

saikhnaa 2016/03/31 1834 0

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид эмнэлэгийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана

 

Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдыг 4-р сарын 4-нөөс эхлэн Медипас эмнэлгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар боллоо. Үйлдвэрийн 6 мянган ажилтан, Эрдсүлж, РСЦ компани болон мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн осол, хурц хордлогоос шалтгаалан хувь тогтоолгосон 460 гаруй хүн, үйлдвэрээс өндөр насны тэтгэвэрт гарсан 1
780 хүн буюу нийт 8 мянга гаруй хүнийг дээрх үзлэгт хамруулах тухай асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2016 оны 3-р сарын 21-ний өдрийн А/140 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн байна.
Тус эмнэлэг нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт Медикал” эмнэлэг нэрээ сольж "Медипас” урьдчилан сэргийлэх төв саяхан ашиглалтанд орсон бөгөөд юуны түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдыг үнэ төлбөргүй үзэж оношлохоор болжээ. 
Багц оношилгооны үнийн дүн нь дунджаар 300-400 мянган төгрөг байх ба Монголд хамгийн сүүлийн үед нэвтэрсэн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр манай үйлдвэрийн ажиллагсад ийнхүү оношлуулах боломж бүрдэж байна. 
Эхний ээлжинд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажиллагсдаа үзлэгт хамруулна. 
Эрдэнэт үйлдвэрийн бусад цех нэгжийн ажиллагсдыг энэ оны 6-р сарын дунд үе хүртэл графикийн дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм.
Ер нь Эрдэнэт үйлдвэр жил бүр бүх ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. 
2015 онд Эрдэнэт сувиллын цогцолбор үйлдвэрийн ажиллагсдын 93 хувь буюу 5543 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. 
Харин энэ жилээс дэлхийн жишигт нийцсэн өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжөөр оношлуулах боломж ийнхүү нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг төрлийн үзлэг оношилгооны үнээр чанартай, цогц үйлчилгээ авах боломжийг Эрдэнэт үйлдвэр ийнхүү ажиллагсаддаа олгож байна. 
Цахим системд холбогдсон учраас Медипас эмнэлэгт хийлгэсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн оношлогоог "Эрдэнэт сувилал” цогцолбороос ч авах боломжтой юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top