"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдсан Л.Гансүхийн хэргийг өнгөрөгч сард Улсын Дээд шүүх хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүхээс оноогоод байсан 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулсан билээ. Харин нягтлан Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байдаг.
Тэгвэл Л.Гансүхийн зүгээс өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өмгөөлөгчөөрөө дамжуулан захидал бичжээ. Түүний бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид
-Гэр хорооллын иргэддээ Нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг зохион байгуулсан миний бие болон, байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компаний захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1,1 тэрбум төгрөгийн хохирол Багануур компанид төлөх, намайг 3,6 жил шоронд хорих, 4 жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ.
Шинэчлэлийн Засгийн газрыг, ерөнхий сайд Н.Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, Прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.
Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй харин ч шигсэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмж зарж 3 тэрбум төгрөгийн ашиг олсон. Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын 18,6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа Засгийн газраар шуурхай шийдвэрлүүлж авснаар эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа 5 сарын цалингаар урамшуулж байсныг энд дурдья.
Мөнгөнтуяаг 6 сар шоронд хорьж, 2 жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн 5 хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье.
Л.Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж улс төрийн хэрэгтэн боллоо. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ. Тэгэхдээ хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, Энэ "ял"-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Иргэн Л.Гансүх 2016.03.30