Зэв нь Чингис хааны хамгийн алдартай, домогт жанждын нэг юм. Байгуулсан гавьяа зүтгэл, амжилтаараа Сүбээдэй баатартай энэ зэрэгцэхүйц цэргийн жанжин байжээ. Тэрээр Хамаг Монголынбүрэлдэхүүн хэсгийн нэг Тайчуудадхаръяалагддаг Бэсүд аймгаас гаралтай хүн байв. Нирун Монгол аймгийн Бэсүд овогтон.
Чингис хааны 4 хошууч, 9 өрлөгийн нэг байжээ. Эрэлхэг баатар мөртөө. арга ухаан ихтэй иэргийн эрдэмтэн. улс төрийн зүтгэлтэн хүн юм. Түүний төрсөн он нь тодорхойгүй байдаг бөгөөд 1225 онд нас барсан мэдээ байдаг.Зэв нь Чингис хааны албанд дөнгөж аравтын ноёноор эхлэсэн хэдий ч тавхан жилийн дараа буюу 1206 онд Их Монгол улс байгуулагдахад мянганы ноён болтлоо дэвшиж, улмаар Хүчүлүгийг дарах аяны үед түмний ноён болжээ. Чингис хааны хамгийн үнэнч бөгөөд авьяаслаг жанждын нэг болсон бөгөөд Сүбээдэй баатартай нэг ижил түвшинд үнэлэгдэхүйц агуу жанжин болжээ.
1211 онд Чингис хаан Хятадын Алтан улсыг довтлоход Зэв жанжин зүүн жигүүрийн цэргийг удирдан байлдаж 1211 оны 7 сард У-ша-пу цайзыг эзлэн авчээ. Улмаар Цавчаал (Цюй-юн-гүан) боомтод хүрээд цэргээ худал ухруулан өөрийн дайсныг өдөн гаргах арга хэрэглэн бут цохьжээ. Чингис хаан Зэвийг Алтан улсын зүүн нийслэл Дүн чанг эзлүүлэхээр явуулахад хотын бэхлэлт сайн байсанд зургаан өдрийн газар цэргээ ухруулаад хөтөлгөө морьтой цэрэг шөнийн давхиулан эргэж очиж гэнэдүүлэн эзэлжээ. Энэ маягаар стандарт бус цэргийн тактик хэрэглэх, байрлалаа гэнэт хурдан солих зэрэг аргуудыг чадамгай ашиглаж цөөн цэргийн хүчээр хэд хэд дахин давуу хүчтэй дайснаа бут цохиж чаддаг байсан нь Зэв жанжны нэг онцлог шинж байжээ.1219 онд Чингис хаан Хорезмыг дайлаар мордоход Зэв жанжин Сүбээдэй баатарын хамтаар Хорезмын шахыг хөөн бут цохин үүргийг хүлээж 1221-1223 онуудад Зэв, Сүбээдэй баатар хоёр Каспийн тэнгисийг тойрон байлдан дагуулсан алдарт аянаа хийжээ. Уг аяны үеэр Азербайжан, Гүрж, Болгар, Куман зэрэг улсуудыг дайлсан бөгөөд хамгийн алдартай тулалдаанаа Калка голын хөвөөнд Киевийн Оросууд, Кипчакуудын хамтарсан цэрэгтэй хийжээ. Зэв жанжны энгийн бус цэргийн ухаан, Сүбэдэйн хашир нарийн ухаан нь маш хүчтэй хослолыг болгосон байна. Калка голын тулалдаанд 20000 цэрэг бүхий Зэв, Сүбэдэйн арми 80000 цэрэг бүхий оросын ноёд язгууртнуудын армийг бут цохин 50000 гаруй цэргийг устгасан байна.Зэв жанжин Кипчакийн нутгаас Монгол руу буцаж явах замдаа Канглы аймгийн нутагт нас барсан тухай мэдээ байдаг.
Энэ мэдээг илүү бодитой гэж түүхчид үздэг. Мөн хожим Өгэдэй хааны Алтан улсыг дайлах дайнд хошууч жанжнаар оролцсон хэмээн "Монголын нууц товчоо"-нд тэмдэглэсэн байдаг. Гэвч түүхчид энэ явдлыг болоогүй гэж үздэг байна.Хятад, Төв Ази болон Европт хийсэн агуу аян дайнууд түүнд баларшгүй суу алдрыг авчирсан юм. Хар тэнгисорчмын хуй салхи мэт бүхнийг арчин гарсан аян, Киевийн Оросыг буулгаж авсан аян нь өнөөг хүртэл гайхагдсаар байгаа билээ.
Сүбэдэй баатартай хамт Чингис хааны хийсэн бүхий л аян дайнд оролцсон бөгөөд хойд Иран, Кавказ, Кипчак, Крым, Булгар зэрэг улсуудаар хийсэн цэргийн аян дайн нь дэлхийн түүхэнд ихэд алдаршсан бөгөөд дэлхийн улс орнуудын Батлан хамгаалах-Цэргийн Академиуд, түүний дотор АНУ, НАТО-гийн цэргийн эрдэмтэдийн шимтэн судалдаг гол судлагдахуун болсон нь хамгийн бахархалтай юм.