|

“Ажлаа хийцгээ” л дээ Монголчуудаа

saikhnaa 2016/04/09 599 0

“Ажлаа хийцгээ” л дээ Монголчуудаа

…7 сар гарав уу, үгүй юу? наадмын уур амьсгал орж, ажил дээрээ тогтож ажлаа хийх хүн ховордсон. Энэ наадмаар 7 хоног эсвэл 9 хоног амрах талаар маргалдаж, гоморхоцгоов. 7 сарын 16, 17 нд ажиллах "ёстой” боловч ихэнх хүмүүс нь ажил дээрээ байсангүй. Хууль ёсоо зөрчин байж, хууль бусаар 9 өдөр амарч байна шүү дээ. БИДЭНД ХУУЛЬ ДҮРЭМ, ЖУРАМ ХАНГАЛТТАЙ БАЙДАГ ХЭРНЭЭ ИРГЭД НЬ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ, ТӨР ЗАСАГ НЬ ХЭРЭГЖИЛТЭНД НЬ ХЯНАЛТ ТАВЬЖ, ХАРИУЦЛАГА ТООЦДОГГҮЙН СОНГОДОГ ЖИШЭЭ ЭНЭ.

Одоо тэгээд энд тэндхийн аймаг сумдын наадам үргэлжилнэ. Мөнөөх л эрх мэдэлт дарга нар нь "залагдсан ноён” ы дүрээр тэнд очиж сүрийг үзүүлж, эрх мэдэл өмссөн зүүснээрээ гайхуулах.  7,8 сард Монгол улсад төрийн ажил үндсэндээ "зогсдог” гэдгийг бид хууль бусаар хүлээн зөвшөөрөөд байгаа.  Нийтээрээ ийм буруу  хэвшилд дасч дадаж байна шүү дээ. УИХ, ЗГ нь ч энэ буруу дадал хэвшилд өөрсдөө үлгэрлэж байна. Тэгээд бид хэзээ нь ажиллаж, хэрхэн хөгжих юм бэ?

Аливаа улс орны хөгжил цаг хугацаатай уралдаж байдаг. Иргэд нь хэдий чинээ их хөдөлмөрлөх тусам төдий хэмжээний орлого олж амьдрал нь сайжирч байдаг нь дэлхий нийтийн жишиг. "Эдийн засгийн хямрал”-ын тухай үргэлж ярьж, гомдоллож байдаг монголчууд бидний хувьд хөдөлмөрлөж хийж бүтээх ажлууд зөндөө л их байгаа. Наадамд түрүүлсэн бөхдөө тус бүр 2, 4 өрөө байр, "Ланд Круйзер-200” маркийн 2 автомашин бэлэглэж байгааг харахаар юун "эдийн засгийн хямрал”, халгиж цалгисан их баярхал. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, бахархал болж байгаа уран бүтээлчид, эрдэмтдээ бид ингэж урамшуулдаг билүү? Монголд  "Нутгийн зөвлөл” нэртэй мафи маягийн сүлжээ бий болж, баярхал хийрхэлийг өгдөөж байдгийн жишээ нь энэ. Ийм сүлжээ нь "начны найраа” г дэвэргэж, улмаар улстөрд хэн орохыг ч шийдэж байх төлөвтэй. "Увс хүн” гэдэг хошин нэршил ч эндээс үүдэн, хүмүүсийг ялгаварлан гадуурхах эхлэлийг тавьж байна. Энэ ариун явдал уу? Энэ бол бидний хөгжлийн үндэс нь биш ээ. Харин хөгжлөөс хойш чангааж, олон нийтийг буруу муу зуршил руу дасгаж байгаа гэмт үйлдэл. Бид нэг л буруу дэвээд байнаа.

…Наадмын дараа амрагчид маш олноор Хөвсгөл далайг зорьж бензенгүй, мөнгөгүй, үйлчлүүлэх бүү хэл багтаж шингэхгүй шахам болсон тухай фейсбуукээр ихэд шуугив. Зарим шооч хүмүүс тэднийг тэнд нь суурьшуулах тухай санал гарган нилээд хөгжилдөцгөөсөн. "Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлье” гэж урилга гаргаад, төсөл зохиож, хөрөнгө мөнгө зарцуулаад байгаа хэрнээ дотоодын ийм хэмжээний аялагчдыг хүлээж авах даац байхгүй байна гэдгийг нотлов. БИД УРИАЛГА ГАРГААД, ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЭД БАЙДАГ ХЭРНЭЭ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ЭСРЭГЭЭРЭЭ БАЙДГИЙН БОДИТ ЖИШЭЭ ЭНЭ. Хөвсгөл далай дээр очсон тэр олон амрагчид байгалийн тэр үзэсгэлэнт орчинд маш их хогийг ил задгай хаяад орхисон тухай нэг биш хүмүүс халаглан ярьж байсан. Наадмын дараа наадам болсон талбай хийгээд орон нутгийн зам дагуу мөн орон нутгуудад маш их хэмжээний хогон цэг үүсдэг. Түүнийг хараад хэн ч ичиж, санаа зовохгүй байгаа бол "ЭХ ОРОНЧ” сэтгэлийн тухай яриад ч хэрэггүй. ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ГЭДЭГ ЧИНЬ ХОГОО ХАМЖ, БАЙГАЛЬ ОРЧНОО ЦЭВЭРЛЭЭД ЯВАХААС Л ЭХЭЛДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ. Хогоо газар хаячихаад "Эх орондоо хайртай” гэж мянга уянгалаад хэрэггүй дээ. Ам ажил хэрэг ав адилхан л байх учиртай. Эс тэгвээс хоосон зүйл.

…”Наадмын дараа юун дэмий юм бичдэг юм бэ?” гэж уурсч байгааг тань ойлгож байнаа. "Зөндөө ихээр хөгжиж дэвшиж байхад дандаа шүүмжилж байх юм?” гэж дургүйцэж байгааг тань гадарлаж байнаа. "Тийм л мундаг юм бол өөрсдөө ирээд…” гэж барьцаж байгааг тань мэдэж байнаа. "Тэнгэрийн…” гэдэг тодотголоо орхиод эрүүл саруул ухаанаар энэ бүхнийгээ эргэцүүлээд бодож үз дээ? БОЛЖ БҮТЭХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛИЙНХЭЭ БУРУУГ ӨӨРӨӨСӨӨ БУС БУСДААС ХАЙДАГ БОЛСООР УДЖЭЭ БИД. Яг тогтоод харах юм бол бүх зүйл биднээс өөрсдөөс л шалтгаалж байгаа. Хэрэв та хаана ч очиж амарсан хогоо хамаад, орчноо цэвэрлээд явдаг бол, хүмүүс ирэхгүй ч байсан ажиллах өдрөө ажилдаа ирээд хийх ажлаа чин сэтгэлээсээ хийдэг бол, буруу дэмий санагдсан зүйлийнхээ талаар бусадтайгаа ярилцан хуваалцаж чаддаг бол Монгол эх орныхоо хөгжилд оруулж буй таны хувь нэмэр мөн. Хийрхэж онгирсон хүмүүсийн буруу муу үйлдэлтэй эвлэрээд, тэднийг хөөргөн дагаж далдаганаад байх аваас бид хөгжих бус уруудаж доройтох зам руу халтирна. Дараа нь хичнээн харамсаад өөрчилж сайжруулахад амаргүй л болно доо.

…Наадам сайхан болсон, хөгжиж дэвшиж байгаа олон зүйлс бий. Сүүлийн үед монгол залуус дэлхийн дэвжээн дээр амжилт бүтээлээрээ магтагдан, бахархуулан гарч ирж байна. Бид л мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа болохоос тогооч нар, цагдаагийн мэргэжлийн уралдаан тэмцээн, шатрын, оюун ухааны дэлхийн болон олон улсын тэмцээнүүдэд монголчууд маань түрүүлж байгаа юм билээ. Энэ болгон чинь маш их хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм шүү дээ. Ийм залуус олон болох тусмаа бид зөв сайн хөгжил рүү явах болно, эргэлзэх хэрэггүй. Өөр хэнээс ч бус зөвхөн танаас шалтгаалах зүйл олон бий. "НААДМЫН ДАРАА НАМАР” гэдэг үг бий. Мичин жилийн зуд жил жилээс хатуу хариг байдаг. Бидэнд хийх ажлууд их байгаа.  НААДАЖ НАРГИЖ, АМАРЧ ЦЭНГЭЛГҮЙ Л ЯАХАВ, ГЭХДЭЭ ХЭМ ХЭМЖЭЭТЭЙ.

"АЖЛАА ХИЙЦГЭЭ” л дээ МОНГОЛЧУУДАА. ТЭГВЭЛ БИД ХУРДАН ХӨГЖИХ БОЛНО.

  Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Санал болгох

Сэтгэгдэл

top