|

Б.Билэгт үү, Б.Хурц уу?

saikhnaa 2016/04/13 12764 3655

Б.Билэгт үү, Б.Хурц уу?

 


АТГ-ын дарга Н.Ганболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө 4 дүгээр сарын 11-ний өдөр өгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг нь УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирлээ. АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Энэ дагуу Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа 2017 онд дуусах ёстой байж. Гэвч тэрээр өөрийн гараар бичсэн өргөдөлдөө "Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д /өөрийн хүсэлтээр/ заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ байна” хэмээн дурьджээ.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Н.Ганболдын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар Н.Ганболдыг албан үүргээс нь чөлөөлөхийг дэмжлээ. Гэвч түүний оронд хэнийг томилохоор болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилно, УИХ чөлөөлнө гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дараагийн даргыг томилох учиртай.

Гэвч яг хэнийг томилох вэ? гэсэн тодорхойгүй асуудлаас болоод нийгэмд олон янзын таамгууд хөвөрч эхэллээ.


Ихэнх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ойрын хүн байх болов уу гэж таамаглаж байгаа. Мөн АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан, одоо Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал Б.Хурцын энэ албан тушаалд томилох болов уу гэх мэдээлэл бий. Мэдлэг, гүйцэтгэх ажиллагааны туршлага гээд түүнтэй дүйцэх хүн одоогоор алга. Тэгээд ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Б.Хурцыг албан тушаалаар шагнахдаа дуртай.

Тэгвэл Б.Хурцаас гадна ШШГЕГ-ын дарга бригадын генерал Б.Билэгтийн нэр ч сонсогдож байна. Ардчилалын партизануудын нэг. Ерөнхийлөгчийн багийн хүн. Б.Хурцаас дутахгүй хуулийн байгууллагыг удирдаж явсан туршлага, ур чадвартай гээд намтар арвинтай хүн.

Авлигын эсрэг хуульд ".Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэсэн ерөнхий шаардлага байдаг. Энэ шаардлагыг дээрх хоёр хүн бүрэн хангаж байгаа. Тэднээс гадна хэд хэдэн хүний нэр сонсогдож байна. Жишээ нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар юм. Гэвч тэд "улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэдэг ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа юм.


За тэгээд хэнийг томилох нь Ерөнхийлөгчийн мэдлийн асуудал хойно энд таамаг хийгээд бичээд байх нь илүүц биз. Хамгийн гол нь томилогдсон эрхэмд хуульд нийцүүлж, хараат бусаар, чин шударгаар ажиллаарай хэмээн захимаар байна.

 

А.Аюуш

Санал болгох

Сэтгэгдэл

top