|

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг олсон, одоо захиалагчийг нь олох үлдлээ

saikhnaa 2016/04/22 903 0

С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг олсон, одоо захиалагчийг нь олох үлдлээ

С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ хэрцгийгээр алагдсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 60-р зүйл улс төрийн зорилгоор аллага үйлдэх, 86-р зүйл хүнийг санаатай алах гэж давхар хүндрүүлэх нөхцөлтэйгөөр зүйлчилсэн байдаг. 62-р зүйлийг тухайн үеийн хуулиар тагнуул, 86-р зүйлийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажил явуулдаг. Ийм учраас хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж байсан юм. Тухайн үед энэ хэргийг гэрчээр талийгаачийн эхнэр Б.Булганыг татаж тайлбар авсан байдаг. Харин өнөөдөр түүнийг сэжигтнээр татаад байгаа ажээ.

18 жилийн өмнө гарсан гэрчтэй хэрэг өнөөдрийг хүртэл илрэхгүй зарим нэгний УИХ гишүүн болох "гүүр” болсон гэж хэлж болно. Тэгвэл энэ хэргээр УИХ-ын зарим нэг гишүүн ташаа мэдээлэл тарааж байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байж болзошгүй юм. Тодруулбал Б.Булганыг саатуулсан сургаар төрсөн дүү нь, УИХ-ын гишүүн асан Х.Хулан, Л.Болд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл гээд нөлөө бүхий эрхмүүд санаа тавьж байгаа. Хамгийн сүүлийн жишээг татья. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Төв аймгийн цагдан хорих төвд нөхцөл байдалтай танилцана гэж ирээд "Булгантай л уулзуулахгүй бол ажил байдлын үнэлгээн дээр чинь муу дүн тавилаа” гэх мэтчилэнгээр дарамталж, хөлөө жийн газар сууж байсан. Ингэж "эрхээрээ хатах” шалтгаан Ц.Оюунгэрэл гишүүнд байсан уу. Олон эрчүүдийн дунд Б.Булган л ганц эмэгтэй босч, сууж чадахгүй эрх нь зөрчигдөөд байна л гэсэн. Ээж нь охинтойгоо уулзах гээд эргүүлдээд дийлэхгүй нь эх хүний эрхийг зөрчлөө л гэсэн. Байцаалт авахгүй байж бариад байна суллаадах гээд нийгэмд өгөх сөрөг мэссэжүүдийг ар араас нь чулуудсан. Мэдээж Б.Булган шоронд байх нь өнөөдрийг хүртэл хэн нэгэн улстөрчид аюултай байсан хэвээр.Өөрийг нь ам нээвэл тэд сүйрнэ гэдгийг Б.Булган ч мэдэж байгаа байх. Энэ мэтээр С.Зориг агсны амь үрэгдсэн хэрэгт хөндлөнгийн нөлөө их байгаа.

Өнөөдөр хэргийн талаар төрийн нууц хэмээн тас нууцалж байгаа. Харин хэргийн талаарх зарим нууц мэдээлэл хэдийнээ ил болоод байна. Б.Булганы сонгосон өмгөөлөгчийг байлцуулан хэргийн байцаалт явуулж, зориод ирсэн хүнийг уулзуулж, хэрэгтэй гэснийг нь дөхүүлж байдлыг харалдаа камер, хажуугийн өрөөнийхөн, харгалзагч хуягууд гэрчилдэг. Харин ээж нь нэг ч удаа ирээгүй. Уулзах хүсэлт гаргаагүй ажээ. Ц.Оюунгэрэл гишүүний хэлсэнчлэн бөөн харчуулын дунд Б.Булган хаалт хамгаалалтгүй байгаа гэсэн нь ташаа мэдээлэл ажээ. Тодруулбал Б.Булган халуун ус, 00-той, тусгаарлагдсан өрөөнд байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй "Уйдаж үхлээ ном авчир. Би зөвхөн орос хэл дээрх ном л уншдаг. Засангийн хоол таалагдахгүй байна” гэх мэтээр санал хүсэлтээ байнга хэлдэг тул харгалзагч хуягууд орос ном, "хүн шиг хоол” өгч байгаа гэх.

Б.Булганыг саатуулдаг өдөр энэ хэрэгт хамааралтай байж болзошгүй 2-3 хүнийг саатуулсан байдаг. Тэдгээр хүмүүс нь С.Зориг агсныг хөнөөсөн нь тогтоогдсон бөгөөд захиалагчаа хэлэхгүй байгаа гэх. Эх сурвалжийн мэдээлснээр С.Зоригийн аллагад холбогдон баривчлагдсан хүмүүсийг Ш.Отгонбилэг агсны малчид байсан Арцмаагийн Ганхуяг, Жаагий хочит Содномдаржаа нарыг саатуулсан бөгөөд тэднийг хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон байна. Харин сүүлд нэмэгдэж ирсэн хэрэгт холбогдогч эмэгтэй мөн тэдэнтэй хамт Ш.Отгонбилэгийн малыг хариулдаг нэгэн бөгөөд хэргийн газраас үс нь олдсон байна. Үсний дээжийг Япон улсад шинжлүүлээд ДНК нь бүрэн нийлж байгааг баталжээ. Одоогийн байдлаар сэжигтнүүд хэргээ хүлээчихсэн, С.Зоригийн эхнэр Б.Булгантай хамтарсан гэдгээ ч хэлээд байгаа гэнэ. Харин Б.Булганы тухайд өгсөн мэдүүлэг нь бусадтайгаа таарсан ч УИХ-ын гишүүдийг ирэх бүрт өөрчлөгдөөд байгаа аж.

Юутай ч хэрэг илрэх нь илрэх юм шиг байна. Одоо харин захиалагчийг нь олох хэрэгтэй биз. Тэрнээс наана улс төрчид энэ хэрэгт хошуу, хуруугаа нэмэхгүй хууль, шүүхийнхэнд нөлөөлөхгүй байвал хэрэг хурдан илрэх бизээ.

А.Баярмаа

Эх сурвалж: Dorgio.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top