Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд Эрдэнэт хотын хөгжил дэвшилд түүхийн шинэ хуудас нээснийг тод тэмдэглэх учиртай. 2013-2015 онд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК, үйлдвэрлэл технологи, зам тээвэр, харилцаа холбоо, байгаль орчин-экологи, эрүүл мэнд гээд бүхий л салбарт хамтран ажиллаж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байна. Үүний хамгийн том жишээ бол Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар баригдсан Япон улсын менежменттэй Медипас төв эмнэлэг юм. Энэхүү олон улсын оношлогооны төв ашиглалтад орсноор Эрдэнэт хотын төдийгүй Монгол улсын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн ач тусаа үзүүлэх өргөн боломж бий боллоо. Түүнчлэн Орхон аймгийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, гудамж талбайн гэрэлтүүлэг, авто замын өргөтгөл, "Найрамдал” өндөрлөг, наадмын талбайн сэргээн засварлалт, орон сууцны хорооллууд болон авто зогсоолын үйлчилгээ, байгаль орчны цэвэрлэгээ, нөхөн сэргээлтийг дэмжих ажилд зориулсан олон хөрөнгө оруулалтууд өнөөдөр "хөрсөн дээр бууж”, бодит ажил болон хэрэгжсээр байна.
Ийнхүү Эрдэнэтчүүд бид олон эерэг өөрчлөлтийг дагуулсан их бүтээн байгуулалт, амжилтаар Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойгоо угтаж байна. Цаашид ч бидний өмнө хийх бүтээх, төрөлх хотоо хөгжил дэвшлийн оргилд хүргэх эрхэм үйлсийн их харгуй үргэлжлэн зурайна.
Эх сурвалж: erdenetinfo.mn